
2009 он. Филиппин улс, Манила хот, Кюзон дүүрэг.
Гэр хорооллын ядуу бүсэд амьдардаг 32 настай Террил Атиенза гэх эмэгтэй нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч байв. Тэрээр хүүхэд ахуй наснаасаа ядуурал, гудамжны худалдаагаар амьжиргаагаа залгуулсан бөгөөд “хүүхдүүдээ өөр шигээ амьдруулахгүй” гэж хичээдэг байсан тухай гэр бүлийнхэн нь ярьсан байдаг.
Гадаадад ажил хийхээр шийдсэн нь
Филиппин улсын дундаж иргэн сарын 150 орчим ам.долларын орлоготой тул олон эмэгтэй Япон, БНСУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй улс руу гэрийн үйлчлэгчээр ажиллахаар зорьдог.
Террил Атиенза ч мөн Сингапурт ажиллах эрх авахын тулд хөдөлмөр зуучлалын агентлагт 95,000 песо (ойролцоогоор 1620 ам.доллар) төлөх ёстой болжээ.
Энэ мөнгийг бүрдүүлэхийн тулд:
- Гэр бүлийн цорын ганц унаа болох мотоциклоо зарсан
- Ах, дүү, хамаатан садан, танилуудаас зээлсэн гэсэн нь нэвтрүүлэгт дурдагдсан.
Ингээд 2 жилийн гэрээгээр Сингапур явж, 2010 оны 1 дүгээр сарын 26-нд хөдөлмөр зуучлалын “All Pro Staffing & Consulting Services” компанийн үүдэнд гэр бүлийнхэнтэйгээ сүүлчийн удаа уулзан үдсэн байна. Тэр өдөр идсэн “SkyFlakes” нэртэй жигнэмэг нь тэдний “хамгийн сүүлчийн үдийн зоог” болсон гэдгийг гэр бүл нь хожим мэджээ.
Сингапур дахь нэг жил таван сар
- Тэр амьдарч байсан айл нь нэвтрүүлэгт өгүүлснээр сайн айл байсан
- Цагаан цайвар өнгийн байшинд хүүхэд харж, гэр цэвэрлэх ажил хийдэг байсан
- Фейсбүүк болон мессежээр гэр бүлтэйгээ тогтмол холбоотой байжээ
- Том охин Мариядаа “сайн сураарай” гэж захидаг байсан тухай гэр бүл нь ярив
2011 оны зургаадугаар сард Террил Атиенза гэр бүл рүүгээ эрт буцах шийдвэр гаргаж, бүх ачаагаа каргогоор илгээж, онгоцны тийзээ хүртэл авсан байв.
Монголд ирсэн тухай нэхэмжлэл
Нэвтрүүлэгт өгүүлснээр Сингапур дахь зуучлалын компани Террил Атиензад:
- “2 жилийн гэрээг дуусгаагүй тул нөхөн төлбөр нэхнэ”
- “Хэрэв дуусгахгүй бол шоронд суулгана” хэмээн дарамталсан гэж гэр бүлийнхэн нь мэдүүлжээ.
Үүний дараа Террил Атиенза:
- Сингапур → Бээжин → Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн
- Түүнийг авчирсан хүн нь Эрэл группийг үүсгэн байгуулагч Бадарчийн Эрдэнэбатын эхнэр, Австрийн өргөмжит консул Д.Сэргэлэн байсан гэж нэвтрүүлэгт мэдээлсэн.
Монголд байсан хугацаанд гарсан гэх мэдээллүүд
Нэвтрүүлэгт “гэр бүлийн мэдүүлэгт тулгуурласан” дараах зүйлс дурдагдсан:
- Террил Атиенза Улаанбаатарт ирмэгц Нүхтийн аман дахь тансаг хауст байрлуулсан
- Гар утас, зөөврийн компьютерийг нь хураан авч, гэр бүлтэйгээ холбогдох боломжгүй болгосон
- 5 сарын турш гэр бүлтэйгээ огт холбоо бариагүй
- Ямар ч хөдөлмөрийн гэрээгүйгээр гэрийн үйлчлэгчээр ажиллуулсан
- Цалин огт олгоогүй
Монголд ирснээс хойш гэрийнхэнтэйгээ холбогдсон нь:
2011 оны арваннэгдүгээр сард Террил Атиенза ар гэр рүүгээ Филиппинд ашигладаг байсан дугаараасаа холбогджээ.
Хүүхдүүдтэйгээ ярьж “Сайн сураарай, би удахгүй очно” гэж хэлсэн бол нөхөртэйгөө ярихдаа “Монголд эрх мэдэлтэй хүн дарамталж, гэрээс гаргахгүй байгаа” тухай дурдсан гэж гэр бүлийнхэн мэдээлсэн.
Энэ үед нэр дурдагдсан хүн:
Бадарчийн Эрдэнэбат – Эрэл группийн үүсгэн байгуулагч болон түүний хүү Б.Жаргалан/Жажа/ нар байв.
Энэ нийтлэлд багтсан бүх мэдээлэл нь:
- С.Будрагчаагийн “Боолчлогч” нэвтрүүлгийн агуулга
- Террил Атиензагийн гэр бүлийн мэдүүлэг, ярилцлагад тулгуурласан болно.
Албан байгууллагаас эцэслэн тогтоосон гэмт хэрэг, хариуцлага, шийдвэрийн мэдээлэл нэвтрүүлэгт танилцуулагдаагүй бөгөөд одоогийн байдлаар тогтоогдоогүй баримт гэдгийг дахин онцлон сануулж байна.
Учир юу гэвээс гэр бүлийнх нь гишүүдээс Монголд ирж хавтаст хэрэг нээлгэснээр хэрэг дахин нээгдэж албан ёсны баримт бичгүүд ил болж, шүүгчдийн дүгнэлтээр буруутнууд хэргээ хүлээх юм.
Хохирогчийн ар гэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан “Энэ хэргийг үнэн зөв шийдэхэд туслаарай” хэмээн хүссэн байна.
Сэтгүүлч С.Будрагчаагийн тухайд ар гэрээс нь хүн авчрахын тулд хандивын данс байршуулсан бөгөөд нэг хоногийн дотор хэрэгцээт мөнгө нь бүрдсэн байна. Иймээс тус хэргийн үнэн, зөв шийдэгдэх нь цаг хугацааны асуудал болжээ.
Нууц материалууд “Боолчлогч” нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.






