
Дэлхийн хөлбөмбөгийн од, Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси Энэтхэгийн Калькутта, Хайдарабад, Мумбай болон Дели хотуудад 3 өдрийн “GOAT Tour” аялан тоглолт хийхээр ирэх бямба гарагт тус улсыг зорих аж.
“Алтан бөмбөг”-ний 8 удаагийн эзэн Месси “Inter Miami” клубийн тоглогчид болох Луис Суарес, Родриго де Пауль нарын хамтаар ирэх бямба гарагт Калькутта хотод өөрийнхөө 21.3 м өндөр хөшөөний нээлтэд оролцох аж.

45 уран бүтээлчийн 27 хоногийн дотор урласан тус хөшөө нь энэтхэгийн шүтэн бишрэгчдийнх нь түүнд тусгайлан бэлдсэн зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Хөшөөнөөс гадна Мессигийн шүтэн бишрэгчдэд зориулсан “Hola Messi” нэртэй fan zone-ийг барьж байгуулаад байгаа ба тус хэсэгт Мессигийн бодит хэмжээтэй баримал, түүний карьерынхаа туршид хожиж байсан олон тооны цом шагналууд, Мессигийн Майами дахь гэрийг гэр бүлийнх нь хамт дүрсэлсэн жижиг макет зэргийг байршуулжээ.
2016 онд Аргентины Буэнос Айрес хот Мессигийн хүрэл хөшөөтэй болж байсан бол Испанийн хөлбөмбөгийн Barcelona клубийн ерөнхийлөгч Жоан Лапорта сүүлд өгсөн ярилцлагадаа Камп Ноу цэнгэлдэхэд Мессигийн хөшөөг босгохоор төлөвлөж буй тухайгаа дурджээ.
Эх сурвалж: bbc.com






