
Сүүлийн хэдэн өдрүүдэд БНСУ-ын шоу энтертайнмент салбарын гурван ч алдартан өнгөрсөнд хийсэн буруу үйлдэл, холбогдсон хэргийнхээ төлөө нэр хүндээ алдаж, олон жилийн турш босгосон карьераа орхиход хүрчээ.
Өмнөд Солонгосын алдартай комедиан, хөтлөгч Пак На Рэ, Жо Сэ Хо, жүжигчин Чо Жин Вүнг нар ажлын байрны дарамт үзүүлсэн, өсвөр насандаа хоригдож байсан, гэмт бүлэглэлийн гишүүнтэй холбогдсон зэргээсээ болж “cancel”-дуулаад байгаа аж.
БНСУ-ын хамгийн алдартай бөгөөд амжилттай яваа эмэгтэй комедиануудын нэг Пак На Рэгийн менежерээр ажиллаж байсан хоёр ч хүн түүнийг ажлын байрны дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж шүүхэд өгчээ.
Менежерүүд нь түүнийг тэдэнд гар хүрдэг байсан, хэл амаар доромжилдог байсан, өөрийн хувийн ажлаа хүртэл даалгадаг байсан гэж мэдүүлжээ. Пак На Рэ эдгээрийг үгүйсгэж, гомдол гаргасан хоёр менежерээ айлган сүрдүүлсэн хэргээр шүүхэд өгөөд байгаа аж.
Уг шуугианы араас цахим орчинд Пак На Рэг БНСУ-ын эрүүл мэндийн хуулийг зөрчиж, гэртээ дусал тариа хийлгэдэг байсан тухай мэдээ гарч, цагдаа нар уг хэргийг шалгаж эхэлжээ. Өнгөрсөн даваа гарагт Пак На Рэ нийгмийн сүлжээгээрээ дамжуулж шүүхэд хандсан хүмүүстэй биечлэн уулзсан тухайгаа мэдэгдэж, хэрэг явдал шийдэгдэх хүртэл шоу нэвтрүүлгүүдэд оролцохгүй гэдгээ зарлажээ.

БНСУ-ын алдартай комедиан, хөтлөгч Жо Сэ Хог гэмт бүлэглэлийн гишүүнтэй найз нөхдийн холбоотой байсан, тухайн найзаасаа мөнгө авч, бизнесийг нь сурталчилсан гэх цуурхал өнгөрсөн 7 хоногт солонгосын цахим орчинд тархжээ. Үүнтэй холбоотойгоор цахим хэрэглэгчид Жо Сэ Хог БНСУ-ын алдартай You Quiz on the Block, Two Days and One Night нэвтрүүлгүүдээс хасахыг шаарджээ.


Өнгөрсөн мягмар гарагт Жо Сэ Хогийн агентлагаас түүнийг ямар нэг гэмт бүлэглэлтэй холбоогүй болохыг онцлохын зэрэгцээ дээрх шоу нэвтрүүлгүүдийн хөтлөгчийн ажлаас бууж байгааг мэдэгджээ. Нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Жо Сэ Хо ямар хүмүүстэй уулзаж, танилцаж байгаагаа анхаарах ёстой байсан юм байна хэмээн, нэвтрүүлгийн багийнхандаа дарамт болохгүйн тулд хөтлөгчийн ажлаасаа буух шийдвэр гаргасан тухайгаа бичжээ.
БНСУ-ын алдартай жүжигчдийн нэг Чо Жин Вүнг 1990-ээд онд өсвөр насандаа хулгай дээрэм болон бэлгийн хүчирхийллийн хэргээр хоригдож байсан тухай мэдээ гарсны дараа 49 настай Чо Жин Вүнг кино урлагаас гарч буйгаа зарласан билээ.
Тэрбээр бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан гэсэн цуурхлыг үгүйсгэж, залуу насандаа алдаа хийж, шийтгэл хүлээснээ хүлээн зөвшөөрсөн байна.
Уг мэдэгдлийнх нь дараа цахим орчинд Чо Жин Вүнг зөвхөн өсвөр насандаа хэрэгт холбогдож байгаагүй насанд хүрсэн хойноо театрынхаа жүжигчний биед халдсан, согтуугаар жолоо барьж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан хэргүүд нь ч ил болжээ. Уг хэрэг явдалтай холбоотойгоор тв сувгууд, бусад платформууд түүний нүүр царайг дэлгэцээр гаргахгүй байх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c989e9xxn5po







