
Холимог тулааны Шандас ММА дэвжээний тамирчин Баатархүүгийн Энх-Оргил (13-3) 12 дугаар сарын 06-ны бямба гарагт Бразил улсын тамирчин, One championship холбооны дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андраде (10-2)-тай 65.8 кг-ын жинд дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж ялалт байгуулсан.
Ингэснээр холимог тулаанч Б.Энх-Оргил тус холбооны 65.8 кг-ын жингийн дэлхийн аварга болж, нэгэн шинэ түүхээ бичсэн юм. Тэрбээр Монгол Улсаас ONE Championship Холбоонд аваргын бүсний төлөө өрсөлдөхөөр шалгарсан 3 дахь Монгол тулаанч болсон билээ.
Түүх сөхвөл анх Жадамбаагийн Нарантунгалаг 2014 оны 08-р сарын 29-нд Дубайд Японы Кожи Ошитой тулалдан ялалт байгуулснаар дэлхийн аваргын бүсний эзэн болж байсан.
ONE Championship Холбоонд аваргын бүсний эзэн Б.Энх-Оргил 12 дугаар сарын 08-ны орой эх орондоо буусан юм. Ингээд бид түүнтэй болон Шандас ММА дэвжээний дасгалжуулагч, МУГТ Ж.Нарантунгалаг, тус багийн менежер Б.Батнасан нартай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

Б.Энх-Оргил: Багшийгаа ид тамирчин байх үед нь учирсан. Өөрөөс нь маш их зүйлийг суралцсан. Иймээс ч бид аварга болж чадлаа. Багшдаа маш их баярлалаа…


25 жилийн тууштай бэлтгэлийн үр шимийг ялалтаар хүртсэндээ маш их баяртай байна
-Маш их баярлаж байна. Та бүхэн маань бас маш гоё хүлээж авч байгаад маш их баярлалаа. Ямар ч байсан аварга болж чадлаа. 25 жилийн бэлтгэл сургуулилтын үр дүн гарлаа. Үүнийхээ үр шимийг маш сайхнаар хүртсэнд их баяртай байна. Багштайгаа анх танилцаж байсан үе нь 2014 он. Багш маань тухайн үед дэлхийн аварга болж байсан. Тэр амжилтыг 11 жилийн дараа буухиалан авч чадсандаа маш их баяртай байна.
Маш их ядарлаа, хэд хоног сайхан амармаар байна. Нэг нь ялж, нэг нь ялагддаг шүү дээ. Тэгээд ямар ч байсан нэг удаа би ялж чадлаа. Маш олон бас бүх зүйл давхцаад тэр өдрийн тэнгэр миний талд буулаа. Тэгээд маш их гоё байна аа. Ийм олон гоё ивээлийг авч байгаад маш их баяртай байна. Дараагийн тулаандаа илүү сайн бэлдэж байгаад аваргаа батлахын тулд бас л хичээнэ шүү дээ.
2003 онд анхны тэмцээн буюу таеквондогийн тэмцээнд ерөнхийдөө ээж маань замын зардлаар намайг дэмжиж оролцож байсан. Тэгээд тэр үеийг бодвол одоо гоё болсон байна.
Бэртлийн хувьд жаахан бэртлүүд сэдэрсэн. Хэсэг хугацаанд физик эмчилгээ хийгээд жаахан амарчихвал гайгүй болно байх аа. Холимог тулааны спортоор тууштай хичээллэхэд маш олон хүний дэмжлэгийг авлаа. Энэ олон хүний дэмжлэг, хүсэл тэнгэрт нэгдэн очжээ гэж бодож байна.
Тиймээс энэ олон гоё зүйл давхцаад миний талд ингэж ялалт буулаа. Маш их баяртай байна аа. Багшийнхаа яг ид тамирчин байсан үед нь би учирсан. Тэгээд бэлтгэлжилт, дэлхийн аваргын түвшний өнөдөр бэлтгэл, хүчтэй бэлтгэл ямар байдгийг өөрийн биеэр харж байсан болохоор тэрийг нь дагаж хийж, өөрөөс нь маш их зүйлд суралцсан учраас багшдаа маш их баярлалаа. Бидний хүч аварга болж чадлаа л гэж хэлмээр байна.


МУГТ Ж.Нарантунгалаг: Шавь маань жингээ маш их хассан. Маш хүндхэн тулаан хийлээ. 8 сард өндөр ачаалалтай бэлтгэлийн үеэр хүзүүний ясны хугарал гэмтэл авсан.
Гэсэн хэдий ч тэрийг тооцоолол, эр зоригоороо даван гарч, “Аварга” болж чадсан шавиараа маш их бахархаж байна.
-Б.Энх-Оргилын дараагийн тулаан Ааваргын бүсээ хамгаалах тулаан бий. Саяны өрсөлдөгч Бразилийн тулаанчтай дахин тулалдах уу, өөр өрсөлдөг нь тодорч гарч ирэхнүү. Тухайн үедээ л болно байх.
2014 онд Дубайд Японы Кожи Ошитой тулалдан, ялснаар дэлхийн аварга болж байсан. Тэрнээс хойш одоо 11 жилийн дараа шавь маань миний амжилтыг давтаж, дэлхийн аварга болсонд үнэхээр их баяртай байна аа. Тэгээд миний шавь Б.Энх-Оргилын маань уйгагүй хөдөлмөр, бэлтгэл сургуулилтаа л тууштай хийсний үр дүнд энэ удаагийн тэмцээнд дэлхийн аварга болж чадлаа.


-Шавь маань жингээ хасахдаа маш хүнд нөхцөлд хассан. Мөн их хүнд тулаан хийлээ. Ер нь ингээд тооцоолоод үзвэл бэлтгэл нь жаахан дутуу байж байгаад оролцсон. Яагаад гэхээр өнгөрөгч 8 сарын сүүлээр яг тэмцээний сураг гараад , өндөр ачаалалтай бэлтгэлийн үеэр харамсалтай нь хүзүүгээ хугалаад, хүзүүний ясны хугаралтай байлаа. Тэгээд үүний улмаас 10 сарын дунд хүртэл ер нь ачаалалтай бэлтгэлд орж чадаагүй байсан. Ингээд ачаалалтай бэлтгэл 10 сарын дундаас хийгээд, сүүлд нь 11 сарын 15-наас хойш яг нэг мөргөлдсөн, шахсан барилдааны бэлтгэлээ хийж эхэлсэн. Энэ маань болохоор яг бодож байсанчлан 100% бэлтгэлээ арай дутуу авсан. Тиймээс 100%-ийн бэлтгэлдээ арай орж амжаагүй. Гэхдээ үнэхээр дайчин тулаан үзүүлж, ур ухаан зааж, яг тактикийн дагуу тулалдаж, өрсөлдөгчөө цуцааж ялалт авч чадсанд нь үнэхээр их баяртай байна.


–11 жилийн өмнө би дэлхийн аварга болоод мөн 20158 20168 2016 онуудад дэлхийн аваргын төлөө дахиж тулалдаад харамсалтай нь ялагдаж байсан. Тэгэхдээ би өрсөлдөгчийнхөө боолтод орж, нэг ёсондоо хүнд байдалд орсноор ухаан алдаж ялагдаж байсан.
Харин өнөөдөр шавь маань өрсөлдөгчөө боолтоор яллаа. Ингээд бэлтгэл сургуулилтдаа дүгнэлт хийгээд, дутуу талаа нөхөж, бэлдсэний ачаар шавь маань бүр барилдаанаар ялалт байгуулсан. Тэр тусмаа Жюү жицүгийн өлгий нутаг Бразил тамирчныг боолтоор ялсанд үнэхээр их баяртай байна.


–Одоо Б.Энх-Оргилын дараагийн тэмцээн мэдээж аваргын бүсээ хамгаалах тулаан байгаа. Тэр тулаан нь өрсөлдөгч нь саяын аварга тамирчин дахиад тулалдах нь уу, эсвэл дараагийн өрсөлдөгчид тодорч гарч ирэх нь үү? Тэрийг бол сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бэлтгэлээ улам сайн базааж байгаад, дахиад дэлхийн аваргаа хамгаалахын төлөө тууштай бэлтгэлийг нь хийлгэнэ ээ.
“Physical Asia” шоуны зураг авалт болж байхад, Б.Энх-Оргил тэр шоуны хажуугаар бэлтгэл сургуулилтаа ер нь таслаагүй. Тийм учраас буцаад шоунаас ирсэн ч гэсэн бэлтгэл нь тийм унасан байдалд байгаагүй. Ялангуяа биеийн хүчний бэлтгэл болон тэр зүрхний ачаалалтай бэлтгэл нь хийгдчихээд, дараа нь айхтар унаагүй ирсэн. Ингээд тэр шоу нэвтрүүлэг 2 сард дуусаад, 3 сарын 8-нд том тулаантай байсан. Тэр тулаан дээрээ үнэхээр илүүрхэж, маш сайхан тулаан гарган, ялалт байгуулсан. Түүнээс хойш бэлтгэл сургуулилтаа таслаагүй, ер нь дэлхийн аваргын бүсний төлөө тулалдчих байх гэдэг тийм бодол тооцоолол байсан. Ийм учраас бэлтгэлээ ер нь таслаагүй, өнөдөр ачаалалтай бэлтгэлээ хийж л байсан. Үүнийгээ жаахан удаан барьчихсан учраас сүүлд нь 8 сард харамсалтайгаар гэмтэл авсан. Тэгэхдээ тэрийг бол тооцоолол, эр зоригоороо даван гарч ирээд, ингээд дэлхийн аварга болсонд үнэхээр л шавиараа бахархаж байна даа.
Холимог тулаанд нэлээн бэртэл гэмтэлтэй байдаг. Бид нар тэрийг нь жижиг гэмтлүүд гээд л тооцдог юм. 3 сарын тэмцээнд гэхэд л хөлнийх нь шилбэний арьс задраад, цаашаа ясандаа тултал зад яваад, зөөлөн эд нь тасарсан. Тэрэндээ хэдэн оёдол тавиулж байсан. Мөн тохойндоо өшиглүүлээд, тохойных нь зөөлөн яс, эд бяцралт өгөөд түүнээс болж үрэвсэл өгөөд, мөн тохойндоо тохойныхоо шууны ясанд бас нэг жижиг мэс ажилбар хийлгэж байсан. Саяын тэмцээн дээр ташаан толгой руугаа өшиглүүлснээс болоод тэр үений яг завсар өшиглөчихсөн учраас явж чадахгүй, нэлээн удсан мөн хөмсөг нь задарсан. Тэгээд толгойны ясанд нэлээн хавдар үүсчихсэн байсан. Ингээд томографын зураг авхуулаад, ясны бэртэл байхгүй, зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн онош гарсан. Энэ нь ер нь бид нарын хувьд бол хөнгөн гэмтэл.
Гэхдээ л гэмтэл, бэртэл гэдэг нь тамирчин хүнд хэлж ирэхгүй дайсан л даа…


“Шандас” ММА клубийн Team Tungaa багийн менежер Б.Батнасан: Монголын төдийгүй Азийн холимог тулааны домог Ж.Нарантунгалаг “Монголын ММА” гэж шинэ стилийг дэлхийд гаргаж ирсэн. Үүгээрээ бид “Дэлхийн аварга” авч чадсандаа баяртай байна
Холимог тулаан бол “Хүндлэлээр эхлээд, хүндлэлээр өндөрлөдөг”. Б.Энх-Оргил маань энэхүү амжилтаараа холимог тулааныг ард түмэндээ эерэг, зөвөөр таниулж өгсөнд баяртай байна.
-Намайг Баярсайханы Батнасан гэдэг. Миний хувьд “Шандас” ММА клубийн Team Tungaa багийн менежерээр ажилладаг. Тэр хүндхэн тулааны дараа рингэн дээр их эмоци гаргасан нь бид нар яг “Нэг баг”. Бид хамтдаа бэлтгэл сургуулилалтыг нь хангалцаад, жаргал зовлонг нь мэдээд, мэдрээд хөл, гар, цусаараа гагнагдчихсан ийм залуучууд байдаг. Ямар их бэрхшээл, хатуу бүхнийг туулж энд хүрэхийг нь мэдэж байгаа учраас эцэс төгсгөл нь ийм сайхнаар, ялалтаар өндөрлөхөд сэтгэл маш их догдолдог. Энэ ялалт, амжилт маш олон хүнд хүрсэн нь үнэхээр сайхан байна.
Ер нь мэргэжлийн тулаанчийн ард гарна гэдэг нь нэлээн чанга байдаг. Бүтэн том баг ард нь ажиллаж байдаг. Яг тэр тулааны 2 дугаар үеэс ч гэдэг юм уу 3 дугаар үеэс хэчнээн өндөр түвшний тулаанч байсан ч гэсэн гар буух ч юм уу, өрсөлдөгчдөө цохиулах эрсдэл үүрэх тийм эрсдэлүүдтэй байдаг. Тэрэн дээр яг хойноос нь багийнх нь дасгалжуулагчид нь хэлж өгдөг байгаа. Гар дээр гэдэг ч юм уу, одоо ингэж бүжиглээд ч байдаг юм уу? Хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хэлж өгдөг. Том тулаанд бид багаараа ингэж сайхан оролцдог. Энэ удаагийн онцлог нь “Шандас” ММА клубийн Team Tungaa баг ер нь мэргэжлийн маш ирээдүйтэй 10 тамирчин залуучууд бий. Бид нар бүгдээрээ ингээд тусалж дэмждэг хүмүүсийнхээ хүчээр бас ах нарынхаа хүчээр бүгдээрээ Б.Энх-Оргил аваргатайгаа Тайландыг зориод ингээд хамтдаа ирлээ.
Бид бүгдээрээ 11 жилийн дараа Монголын төдийгүй Азийн холимог тулааны амьд домог Жадамбаагийн Нарантунгалаг гэж хүн “Монголын ММА” гэдэг шинэ стилийг дэлхийд гаргаж ирээд, үүгээрээ бид нар дэлхийн аваргаа авч чадсандаа маш их баяртай байна.
“Шандас” ММА клубийн Team Tungaa багийн хамт олондоо баяр хүргэе. Нийт монголчууддаа баяр хүргэе.


-Хүмүүс тулааны дараа рингэн дээр орчуулагч хийгээд, тайлбарлаад багийн менежерийнхээ ажлыг гүйцэтгэсний дараа миний бичлэг, видеог скрийншот хийж явуулаад л чи мөн үү гээд л хэлж байсан. Гоё байсан. Гэхдээ хамгийн гол нь би чинь менежерийнхээ ажлыг гүйцэтгээд л бас бэлтгэл хангагчийнхаа хамт ажлаа хийгээд л явж байгаа. Тийм орчуулга хийх үеэр гараад л яг ажлаа хийнэ гэсэн сэтгэхүйтэй байдаг. Түүнээс ямар нэгэн байдлаар би гоё харагдаж байгаа болов уу, яаж байгаа бол гэсэн тийм зүйл байхгүй, тэнд зөвхөн ажлаа л хийх гэж гарч байгаа. Би тэнд онцлох хүн биш. Хамгийн гол нь тамирчнаа гоё гаргах ёстой гэдэг. Тэгээд л тэр зүйл маань нэлээд явчихсан байсан, ер нь нэлээн уйлчихсан байсан. Тэр үед маш сайхан мөч байсан.


-“Шандас” ММА клубийн Team Tungaa баг. Бидний багийн гол баримталдаг зарчим бол ер нь аль болохоор бид даруухан, мэргэжлийн спорт бол ялангуяа холимог тулаан нь “Хүндэтгэлээр эхлээд хүндэтгэлээр дуусдаг”. Заавал UFC юм уу, тэрийг дуурайгаад, гаднын тамирчдыг дуурайгаад, зохиомол зүйл хийхийг хүсдэггүй. Гол нь тамирчин маань үнэхээр сайн байвал тэгээд чин сэтгэлээсээ өөрийнхөөрөө байж чадвал сошиал хаягных нь хандалтууд нь ч гэсэн одоо бараг 400 мянгад хүрч байна. Ард түмнийхээ хайрыг татаж байна.
Тэгээд “Холимог тулаан” гэж юу байдгийг ард түмэндээ гоё, эерэгээр таниулсан байх аа. Нэг хэсэг холимог тулааны талаар сөрөг мэдээллүүд багагүй гарсан. Тэрийг маш зөвөөр, цэгцтэйгээр харуулж чадсан гэж бодож байна аа. Энд ярилцлага авахаар зориод хүрч ирсэн та бүхэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.














