
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулсан.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан уг түр хороо өнөөдрөөс эхлэн баасан гараг хүртэл Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгой компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Мөнхсүхээс дараах зүйлсийг тодрууллаа.
Хянан шалгах түр хорооны хуралд оролцох хүсэлтийг Оюу толгой компанийн гүйцэтгэх удирдлагад 6 удаа хүсэлт тавьсан ч ирээгүй. Парламентыг үл хүндэтгэв үү?
- Онтре Гоулд болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хэлэлцээр эхэлж байсан. Тус хэлэлцээрийг илүү үр өгөөжтэй байлгахын тулд нээлттэй хурал дээр ярих нь зохисгүй гэсэн дүгнэлт гаргаж албан бичиг явуулсан.
- Компанид олон өөрчлөлтүүд орж тодорхойгүй зүйлс олон байсан.
- Компани дотор тухайн үеийн цаг үеийн нөхцөлтэй холбоотой зөв буруу маш олон мэдээллүүд явж байсан. Манай ажилчид энэ хурц үед ил гармааргүй байна гэсэн хувь хүнийх нь хүсэлтийг хүлээн авч албадан яриа өгүүлээгүй.
Оюу толгой компаниас ирсэн албан бичгийн дийлэнх нь нууцын тамгатай. Яагаад хуудас болгон дээр нууцын тамга дарсан бэ?
- Олон нийтийн хэрэгцээнд шаардлагагүй гэж тооцсон мэдээллүүдийг нууцын тэмдэгтэй явуулсан.






