
1999 оноос хойш Америкийн Pantone компани шинэ оны төлөв байдал, соёл, чиг хандлагыг тодорхойлох өнгийг нэрлэсээр ирсэн билээ. Тэгвэл Pantone Color Institute-н судлаачид 2026 оны өнгөөр “Cloud Dancer” буюу байгалийн цагаан өнгийг нэрлэж, түүхэндээ анх удаа цагаан өнгийг оны өнгөөр сонгосон байна. Pantone компанийн энэ жилийн сонголт нь өнөөгийн “галзуу, солиотой” нийгэмд хамгийн ихээр дутагдаж буй амар амгалан байдлыг бэлгэдэж байгаа аж.
Pantone Color Institute-н Гүйцэтгэх захирал Лиатрис Айзман, ” Cloud Dancer өнгө нь шинэ эхлэлийг, бүхнийг шинээр эхлүүлэх бидний хүсэл эрмэлзлийг илэрхийлэхийн зэрэгцээ дотоод амар амгалан, цэвэр ариун байдал, зорилго зорилтыг бэлгэддэг.” гэжээ. Cloud Dancer өнгө нь цав цагаан өнгө бус сэрүүн болон дулаан өнгийг хоршуулсан байгалийн цагаан өнгө аж.
Pantone Color Institute-н өнгө судлаачид ирэх оныг тодорхойлох өнгийг сонгохдоо шинэ техник технологи, нийгмийн үнэт зүйлс, соёл урлагийн бүтээлүүд, жуулчдын дунд алдартай байгаа газрууд, загвар зохион бүтээгчид болон иргэдийн төлөв, хандлага зэрэг олон хүчин зүйлсийг авч үздэг байна.






