Энэ сарын зудын урьдчилсан төлөвийг боловсруулжээ. Газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан, энэ сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэсэн байна.
Энэ сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн
-
4%-д нэн их хүндрэлтэй,
-
17%-д их хүндрэлтэй,
-
33%-д дунд зэрэг хүндрэлтэй,
-
25%-д бага хүндрэлтэй,
-
21%-д хүндрэлгүй байхаар байна.
Тухайлбал, Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар их хүндрэлтэй, Ховд, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар дунд болон их хүндрэлтэй, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговийн ихэнх нутгаар дунд зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй байна.
Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ, тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрвэл хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөлөө.







