
Тайланд улс аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор өдрийн цагаар архи, согтууруулах ундаа борлуулахыг хориглосон журмаа тодорхой хугацаагаар цуцалжээ.
Төрийн албан хаагчдыг өдрийн цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг болиулах зорилгоор 1972 оноос хэрэгжиж эхэлсэн уг журмыг эхний ээлжинд 180 хоногийн турш цуцлахаар болж байгаа ба энэ хугацаанд зохих мэргэжилтнүүд нь уг шийдвэр ямар нөлөө үзүүлэхийг судлах аж.
Өдрийн 14:00-17:00 цагийн хооронд архи согтууруулах ундаа борлуулахыг хориглосон журам цуцлагдсанаар ирэх 6 сарын хугацаанд Тайландын дэлгүүрүүд, зоогийн газрууд болон өөр бусад үйлчилгээний байгууллагууд өдрийн 11:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл шар айраг, дарс, архи зэргийг борлуулах боломжтой болж байгаа аж.
Өнгөрсөн 9-р сард Тайландын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Анутин Чарнвайракул төрийн тогтворгүй байдлаас болж уналтад орсон эдийн засгаа сэргээхийн тулд аялал жуулчлалын салбараа дэмжинэ хэмээн амласан юм.
Олон арван жилийн турш тус улсад өдрийн цагаар архи, согтууруулах ундаа борлуулахыг хориглосон журам хэрэгжсэн хэдий ч Тайланд улс нь архи, согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азидаа тэргүүлэгчдийн нэг юм.
Эх сурвалж: BBC






