
Netflix “Physical Asia: Welcome To Mongolia” нэртэй тусгай нэвтрүүлгээ хийх болсноо зарлаж, Монгол Улс болон БНСУ-ын багийн тамирчдыг Монголд хамт аялж буй үйл явдлыг дэлхий даяар хүргэхээр боллоо.
“Physical: Asia” шоу Монголд үндэсний хэмжээний сенсац болсон учраас энэ тусгай дугаарын хүлээлт маш өндөр байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолжээ.
Монголчуудын өөрийн гараар гаргасан маршрут дэлхийд очно
Нэвтрүүлгийн аяллын маршрутыг Монгол Улсын арслан Б.Орхонбаяр өөрөө гаргасан бөгөөд жирийн жуулчны маршрутаас өөр, монголчуудын хамгийн их очдог, монгол амьдралын жинхэнэ өнгийг харуулдаг газруудыг үзэгчдэд таниулах аж.
Нэвтрүүлэгт:
- Б.Орхонбаярын заах онцгой бэлтгэлийн аргачлалууд,
- Монголын талын уудам дээр мянган адуу түүвэргэн давхих үзэсгэлэнт дүр зураг,
- МУГТ, “Нарны цирк”-ийн жүчигчин Э.Лхагва-Очирын хийсэн жинхэнэ монгол гэрийн хоол,
- Мөн тусгай зочны оролцоо зэрэг онцлох мөчүүд багтах юм.
Тусгай нэвтрүүлэг нийт 4 ангитай бөгөөд:
- 1, 2-р анги – 2025.12.24
- 3, 4-р анги – 2025.12.31 өдөр Netflix дээр цацагдана.
Та бүхэн тус нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр зөвхөн “Netflix”-ээс үзээрэй.
Монгол Улсыг дэлхийд таниулах боломжтой тус нэвтрүүлгийн зураг авалт, утаатай, түгжрэлтэй, ханиадтай орчинд нь болж өнгөрөх нь дээ. Ямар ё байсан хотоос холуур өв соёл, түүхэн газруудаараа авч хамгийн сайхан зүйлсээ үзүүлэхээ зохион байгуулагчид маань мэдэж байгаа биз ээ.
Энэ талаар”Physical: Asia” нэвтрүүлгийн монгол улс дах зохион байгуулагч “Spark Agency” маркетингийн агентлагийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа:
“За хэдүүлээ одоо ирсэн жуулчдадаа нэг удаагийн сэтгэлээр бус дараа нь ирэх үр дагавар нөлөөлөл, үнэ цэнээ бодоод сайхан угтаж аваад сэтгэл хангалуун буцаачихвал тэр болгоноос үүдэн ирэх үр дүн нь гайхалтай сайхан байна байхаа.
Зуны хэдхэн сардаа бус өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлээд авбал эдийн засаг талаасаа олон талын эерэг нөлөө үүснэ дээ” хэмээн нийтэлжээ.
Давхар дурдахад Австралийн багийн Эдди Уильяамс Central телевизийн “The tonight show starring Ankhbayar” нэвтрүүлэгт оролцохоор иржээ.


Аялал жуулчлалыг “дэлбэлдэг” Netflix – дэлхийн туршлага
Орчин үеийн стриминг платформууд, тэр дундаа Netflix-ийн цувралууд нь зөвхөн жүжигчид, үйл явдал бус жуулчдын дараагийн очих газрыг тодорхойлдог үзэгдэл болж хувираад удаж байна.
Хэд хэдэн улс Netflix-ийн бүтээлийн ачаар аялал жуулчлалдаа бодит өсөлт харан, олон зуун сая долларын ашиг олж байсан нь судалгаагаар батлагдсан.


“SQUID GAME” – Өмнөд Солонгос
Дэлхий даяар нээлтээ хийснээс хойш:
- Солонгос руу чиглэсэн аяллын хайлт огцом өссөн,
- Солонгос контент өндөр үздэг орнуудад гадаад жуулчдын тоо 2 дахин нэмэгдсэн,
- Бодит “Squid Game” эвентүүд зохион байгуулж, Сөүл болон бусад бүсүүд жуулчдыг татах том маркетингийн урсгал бий болсон.


“The Crown”, “Bridgerton” – Их Британи
Эдгээр бүтээлүүдийн зураг авалтын байршилд зориулсан фэн аяллууд бий болж, Bath, York зэрэг хотууд зөвхөн цувралын ачаар
- Хэдэн зуун мянган фунт стерлингийн орлого олсон тохиолдол бий.
Түүхэн ордон, харш, музейн үзэгчдийн тоо огцом өссөн нь албан ёсны жуулчлалын статистикт тусгдсан байдаг.


“Emily in Paris” – Франц
Монтмартра, Сен-Жермен, Парисын кофешопууд
- Үзэгчдээр дүүрч,
- Рестораны захиалга болон аяллын хайлт нисэлттэй нэмэгдсэн.


“When Life Gives You Tangerines” – БНСУ
Цуврал дэлгэрснээр дүрүүдийн очдог жимсний талбай, тосгонд жуулчдын урсгал нэмэгдэж, орон нутгийн бизнесүүд өдрөөр хэмжигдсэн ашиг олсон.

Монгол Улсын өмнө ирсэн “алтан боломж”-ийг зөв ашиглаж чадвал тогтвортой өсөлт бий
Дэлхийн хамгийн том стриминг платформ Netflix өнөөдөр 130+ улсад 301.6 сая хэрэглэгчтэй. Ийм хэмжээний хүрээнд Монголыг харуулсан контент цацагдана гэдэг бол улсын хэмжээнд ховор тохиох пиарын давалгаа.
“Physical Asia” ба “Physical Asia: Welcome To Mongolia” нэвтрүүлгүүдийн нөлөөгөөр:
- Монгол руу чиглэсэн жуулчдын сонирхол 2026 оноос мэдэгдэхүйц өсөх нь бараг тодорхой.
- Учир нь ийм төрлийн контент хүмүүст “би яг тэнд очиж үзмээр байна” гэсэн бодит сэтгэгдэл төрүүлдэг.
- Өмнөх жишээнүүдээс харахад Netflix-ийн контент бол сурталчилгаанаас илүү итгэл төрүүлдэг маркетингийн хамгийн хүчтэй хэлбэр.
Монголчуудад үлдсэн ажил: Ирэх зочдод бодит сайхан туршлага өгөх
Аяллын маршрутаа Монгол руу чиглүүлсэн жуулчин буцахдаа сэтгэл дүүрэн байлгах нь бидний гар дээр үлджээ. Энэ бол зөвхөн үйлчилгээний салбарын ажил биш улсын эдийн засгийн ирээдүйтэй холбоотой сорилт.
Монгол Улс:
- Үйлчилгээний соёл,
- Аяллын аюулгүй байдал,
- Ариун цэврийн стандарт,
- Жуулчны дэд бүтэц,
- Олон хэлний мэдээллийн хүртээмж зэрэг тулгамдсан асуудлуудаа 2026 оны аялал жуулчлалын огцом өсөлтөөс өмнө тодорхой хэмжээнд цэгцлэх шаардлагатай.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам “хоосон сурталчилгаа” хийхээс илүүтэй:
- Монголчуудын өөрсдийн хөдөлмөрөөр бий болсон энэ асар том боломжийг
- Бодит дэд бүтэц, стандарт, зохион байгуулалтаар баталгаажуулах нь зайлшгүй.
“Physical Asia: Welcome To Mongolia” бол Монгол Улсын соёл, байгаль, иргэдийн уужуу сэтгэл, биеийн тамир спортын түүхийг нэгэн зэрэг харуулах дэлхийн хэмжээний цонх. Энэ боломжийг зөв ашиглаж чадвал Монгол Улсын аялал жуулчлал дараагийн 3-5 жилд шинэ шатанд гарах бодит суурь тавигдана.
Харин үүнийг алдах эсэх нь бидний бэлтгэл, хариуцлага, хамтын оролцоон дээр л үлдлээ.







