
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй улс орон бол яахын аргагүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот.
Монгол шиг жилийн 4 улиралтай эх оронд бол бүх улирал л өөр өөрийн зан аашаа харуулсаар ирсэн, ойлгомжтой. Нөгөө нэгэн Их хурлын гишүүн асаны “Өвөл болохоор хүйтэн болдог” хэмээх хэлсэн үг хэсэг олон нийтийг шуугиулсан шүү дээ.
Угтаа бол дээрх үг хөнгөхөн хүлээж авбал инээдэм, наргиа хэдий ч хатуухан хэлэхэд тэртээ тэргүй өвлийн улирал ирдгээрээ ирж, хүйтэрдэг хойно аливаа гэнэтийн зүйлд хэзээд л бэлэн байх ёстой бус уу…
Ер тэгээд манайх шиг эх оронд оочер, дугаар, дараалал, сугалаагүй зүйл гэж огт алга аа. Нэг ёсондоо монгол түмнийхээ хэн нь азтай, одтой, ёндоотойг үзэх гэж албаар өрсөлдүүлдэг гэлтэй. Ингэж хэлсний учир нь энэ өвөл эхлэхтэй зэрэгцэн нийслэлчүүдийн унтах нойрыг хугаслаж, уур уцаарыг баран байж, цаг заваас нь хумслан, зүрхэнд нь шар ус хуруулж буй нь “Шатахууны оочер, дараалал” боллоо дэг шүү…
Сүүлдээ ч бараг Монголчууд бид ингэж л амьдрах хувь тавилантай мэт, байнгын байх л ёстой үзэгдэл шиг хээв нэг эвлэрчихсэн л явж байгаа юмдаг уу даа. Үгүй ээ, ингээд бодохнээ уул нь эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад, халуун ам бүлээрээ, дулаан тохитой гэртээ сайхан сайхан, эрүүл энх амьдарчихмаар л байна шүү дээ.
Яагаад бидний цөөн хэдэн монголчууд ингэж амьдрах ёстой юм бол?

За ингээд хэсэг овоо намжаад байсан шатахуундаа нийслэлийн иргэд ойрын хэд хоног шөнө хугаслан оочерлож, унтах нойроо умартан, ажил албандаа ч явж чадамгүй болчихоод байна.
Шатахуун түгээх станцуудын гадна уртаас урт үүссэн дараалал бэрх харагдаж байлаа. Ингээд бид “Шунхлай” ШТС-ын хажууд бараг 400 орчим метр үүссэн жолооч нарын гинжин хэлхээ шиг эгнэн хүлээж зогсоо дараалал руу камер, микрофоноо чиглүүлэн очиж, иргэдтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Шөнө унтаж амрах цагаараа шатахуунд оочерлоод зогсож байна. Таны хувьд нийт хэдэн цаг хүлээгээд зогсож байна?
-Шатахуун авахаар нийт 2 цаг ингэж зогсож байна.
-Өөр ШТС-ууд руу очив уу?
-Очсон. Би сая хажуу талд байдаг Петровист очоод бас тэнд 1цаг 30 минут оочерлоод зогсож байтал бензин нь дууссан гээд, тэгээд наашаа ирсэн. Өнөө оройноос авхуулаад Улаанхуаран, Амгалан, Офицер, Цайз 16 дугаар хорооллыг бүтэн тойроод, шатахуунаа авч чадалгүй, энд ирээд яг 2 цаг зогсож байна.
-Шатахуун түгээх станцууд яваад очихоор ямар хариултыг өгч байх юм?
-Зарим нь бол огт өгөхгүй байна. Зарим нь нэлээн оочертой, зарим нь бензин дууссан гэсэн хариулт хэлж байна.


-Таны хувьд машиндаа бензин авахаар нийт хэдэн цагийг зарцуулав?
-Ер нь ойрын 2-3 хоног дахиад л шатахууны оочер, дараалал үүсчихсэн. Би өнөө орой ажлаас явж байтал шар гэрэл нь асчихаар нь гэртээ орж хоолоо идчихээд, буцаж гарч ирээд бензинд оочерлож байгаа юм.
-Зарим иргэд шөнөжин дугаарлаж зогсоод авч чадалгүй буцаж байна. Зарим нь өглөө эртлэн оочерлож байна?
-Харин тийм би өнөөдөр өглөө 4:30 гэж босоод оочерлосон. Авч чадалгүй буцсан. Одоо ингэж зогсож байгаад, хэдэн цагт гэртээ харьж амрах юм, хэлэхэд хэцүү л байна.
-Өөрийн тань хувьд энд хэдэн цаг тасралтгүй зогсож байна вэ?
-Өнөөдөр орой 20:00 цагаас авхуулаад л нэлээд олон ШТС руу очлоо. Авч чадаагүй. Одоо яг энд ирээд 3 цаг тасралтгүй зогсож, хүлээж байна.
-Хэд хоноод л шатахууны оочер дараалалд иргэд хамаг л цагаа барж байна уу даа?
-Өө, хэлээд яахав. Томчууд, дарга нарын хэлж ярьж, төсөөлж буйгаар бид нар их л гоё газар амьдраад байгаан бишүү. Оочер дугааргүй зүйл гэж байхаа л болилоо. Юмны үнэ ч улам бүр өсөж, иргэдийн худалдан авах чадвар маш муу, бүр доройтож байна шүү дээ. Тэгээд яг шатахуунаа авах гэхлээр банкаа битгий дүүргээрэй гээд байх юм. Дүүргээд, тэгэж их аваад байгаа юм байхгүй.


-Шатахуунд оочер дарааллын асуудал үүссэн цагаас хойш чанар нь илүү муудсан байна гэж жолооч нар хэлж байгаа. Энэ тал дээр таны бодол, дүгнэлт ямар байна вэ?
-Шатахууны чанарыг муудсан байна гэж хүн бүр л байнга ярьж хэлж байгаа. Үнэн шүү дээ. Миний машин пүрүс-41 маркийнх. Яг банкаараа дор хаяж 300 километр замыг асуудалгүй туулдаг байсан. Гэтэл одоо сүүлийн үеийн шатахуунаар ердөө 160-хан километр яваад л дуусаж байна. Энэ заалтыг хар л даа.
Тэгээд салбарын сайд, дарга нар нь шатахууны чанар муудаагүй, иргэд оочерлоогүй гээд л агаар дээрх гоё, тансаг, чамин юм ярьж байна. Начир дээрээ, бодит амьдрал дээр ингэж л ард иргэдийг чангалж, боож, хааж, бухимдуулж чадаж байна шүү дээ.
Манай ард түмэн үнэхээр л тэвчээртэй, хүлээцтэй хүмүүс юм. Уул нь эх орондоо тайван, амгалан сайн сайхан амьдарчихмаар л байна. Гэтэл байгаа бодит байдал нь ийм онцгүй, дарга нар нь дутагдаж, гачигдалгүй, худлаа үнэн юм яриад л дээгүүр гишгэлж байна шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.
Иргэд, жолооч нарын видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






