
Индонезийн нийслэл Жакарта хот дэлхийн хамгийн их хүн амтай хотоор шалгарчээ. НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн асуудал хариуцсан хорооноос явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн их хүн амтай хотоор 42 сая хүн амтай Жакарта хот шалгарч, түүний араас 37 сая хүн амтай Бангладешийн нийслэл Дакка хот бичигджээ. Харин саяхныг хүртэл дэлхийн хамгийн их хүн амтай хотоор нэрлэгдэж байсан Японы нийслэл Токио хот 33 сая хүн амтайгаараа 3-р байранд оржээ.
1950 оноос хойш дэлхий даяар хотуудад амьдардаг хүмүүсийн тоо 2 дахин нэмэгджээ. 1950 онд дэлхийн 2.5 тэрбум хүн амын 20 хувь нь л хот сууринуудад амьдарч байсан бол өнөөдөр дэлхийн 8.2 тэрбум хүний тал орчим хувь нь томоохон хотуудад амьдарч байна. Түүнчлэн багадаа 10 сая хүн амтай томоохон хотуудын тоо 1975 онд 8 байсан бол өнөөдөр энэ тоо 33 болтлоо өсжээ.
2050 он гэхэд дэлхийн хүн амын өсөлтийн 2/3 нь томоохон хотуудад, үлдсэн 1/3-ийнх нь дийлэнх хувь нь жижиг хотуудад бүртгэгдэх төлөвтэй байгааг судлаачид тогтоогоод байна.
Дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын жагсаалтыг Жакарта, Дакка, Токио, Нью Дели, Шанхай, Гуаньжоу, Манила, Калькутта, Сөүл, Каир зэрэг хотууд тэргүүлээд байгаа ба эдгээр 10 хотын 9 нь Ази тивийн хотууд юм.
Эх сурвалж: The Guardian






