
Италийн Пезаро хотын дарга Лучано Павароттигийн гэр бүлээс уучлалт гуйжээ Италийн Пезаро хотын дарга дуурийн домогт дуучин Лучано Павароттигийн гэр бүлээс уучлалт гуйжээ. Учир нь Пезаро хотын удирдлагууд хотын төв талбайдаа мөсөн гулгуурын талбай барихдаа алдарт дуурийн дуучны хөшөөг өвдөг хүртэл нь мөсөөр хууччихсан нь түүний гэргий Николетта Мантованийн бухимдлыг төрүүлжээ.
Л.Павароттигийн хоёр дахь гэргий Н.Мантовани Пезаро хотын удирдлагуудын гаргасан үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, талийгаач нөхрийг нь доог тохуу болгохыг оролдож байна гэж буруутгажээ. Үүний хариуд Пезаро хотын дарга Андреа Бианкани хэнийг ч гутаан доромжлохыг хүсээгүй гэдгээ илэрхийлж, хотын удирдлагууд алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Домогт Лучано Паваротти Пезаро хотод эдлэн газартай байсан ба тус хотын хүндэт иргэн байжээ.
Тэрээр гэр бүлийнхнийхээ хамт тус хотод амралтаа өнгөрүүлэх дуртай байсан аж. 2007 онд нойр булчирхайн хавдрын улмаас таалал төгссөн домогт дуучны дурсгалыг хүндэтгэн Пезаро хот 2024 оны 4-р сард түүний хүрэл хөшөөг хотынхоо төв талбайд байршуулжээ. Хотын дарга А.Бианканигийн мэдэгдсэнээр мөсөн гулгуурын талбайг буулгахад хэдийн оройтсон ба Л.Павароттигийн хөшөөний байршлыг өөрчилж, хөдөлгөх боломжгүй аж. Л.Паваротти нь олон улсад танигдсан, Италийн дуурийн домогт дуучин юм. Тэрээр хамгийн сүүлд 2006 оны Турины Өвлийн олимпын наадмын нээлт дээр Ж.Пуччинигийн “Турандот” дуурийн Nessun Dorma ариг дуулж, олон нийтийн өмнө гарч байжээ.






