
Японы Ерөнхий сайд Санаи Такаичигийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдохынхоо өмнө Японы ард иргэдийн нэрийн өмнөөс “ажиллана, ажиллана, ажиллана, ажиллана бас дахин ажиллана” гэсэн амлалт, мөн “эмэгтэй Ерөнхий сайд” гэсэн үгнүүд 2025 онд олны анхаарлыг хамгийн ихээр татсан, 2025 оны Японы тренд үгээр шалгарчээ.
2025 оны тренд үгийн шагналыг хүртсэн үг нь магтаал, шүүмжлэлийн аль алиныг нь хүртсэн гэдгийг Ерөнхий сайд Санаи Такаичи дурдахын зэрэгцээ орчин үед ажил амралтаа зохицуулах нь чухал болохыг онцолжээ.
Тэрээр “ажиллана, ажиллана, ажиллана, ажиллана бас дахин ажиллана” гэсэн амлалт нь Ерөнхий сайдын хувиар шаргуу хөдөлмөрлөж, эх орон, ард иргэдийнхээ хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн утгатай хэмээн, хэлсэн үг нь илүү цагаар ажиллахыг уриалсан утгатай биш гэжээ. Түүнээс гадна Японы 2025 оны тренд үгээр “Трампын татвар” гэсэн хэллэг, кокомай буюу нөөцийн цагаан будаа гэсэн үг, Осакад болсон World Expo-гийн албан ёсны бэлгэ тэмдэг Mиякү-Миякүгийн нэр тус бүр шалгарчээ.






