
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр ” Оюу толгойн асуудлаар олон нийтэд нээлттэй сонсгол хийнэ гэсэн. Би дэмжиж байгаа. Манай ЗГ-ын үед Оюу толгойн асуудлаар ямар байр суурь барьж, юу хийж байсан гэдгийг олон нийтэд хүргэх хэрэгтэй. Иргэд ч гэсэн мэдэх эрхтэй учраас асуудлыг тодорхой ойлгох нь зүйтэй.
Энэ асуудлыг олон нийтийн нүдэн дээр ярихад буруу зүйл байхгүй. Тиймээс би оролцоно. Манай ЗГ-ын үед Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж байсан. Энэ нь зарим талаас огцом алхам болсон ч шаардлагатай гэж үзэж байв. УИХ 1 гэрээ баталбал дараагийн УИХ эсвэл ЗГ өөрчлөх эрхтэй байдаг.
Манай ЗГ-ын үед Тэрбишдагва, Улаан, Ганхуяг нарын ахлуулсан ажлын хэсэг анхны хөрөнгө оруулалтыг 2 орчим тэрбум доллароор нэмэгдүүлсэн. Ажлын хэсэг үүнийг шалгасан. Тал талаасаа цуглаад зөв буруу, засах шаардлагатай зүйлсийг ярилцах нь зүйтэй.
Ноогдол ашиг авах хугацаа, Дубайн гэрээний асуудал зэрэг нь тухайн үед манай ЗГ-т хамаараагүй. Хэрвээ тэр гэрээг хийсэн бол Монгол Улсад ирэх ашиг хойшлох байсан учраас мэргэжлийн хүмүүсийн судалгааны үндсэн дээр шийдвэр гаргасан.
Сонсголд хүмүүс гэрчээр оролцох боломжтой. Зарим нь айж эмээдэг ч оролцох нь мэдээлэл өгөхөд чухал. Олон нийтэд мэдээлэл өгөх, мэдээллийг цуглуулахад асуудал байхгүй.
Би оролцсон бөгөөд бусад сайдууд, тухайлбал Зоригт, Баярцогт нар ч ирэх болов уу. Энэ бол зөв, зүйтэй ажил” гэв.






