
Өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт шинжилгээний дүнг танилцуулж, нэр бүхий газрын захирлуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ дунд “МИАТ ТӨХК-ийн нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн, харин төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй байна. Ажилчдын цалингийн багц зардал есөн тэрбум төгрөгөөр өссөн нь батлагдсан төсвөөс үндсэн болон түр орон тоо хэтэрсэнтэй холбоотой байна” гэсэн дүгнэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.
Танай байгууллага дээр хийсэн хяналт, шинжилгээний дүгнэлтийг хэр бодитой гэж үзэж байгаа вэ?
Засгийн газрын тогтоолоор уул уурхайн бус компаниудыг нэгтгэсэн байдлаар “Эрчист Монгол” ХХК байгуулагдсан. “Эрчист Монгол” ХХК руу МИАТ ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх нь 100% шилжсэнтэй холбоотойгоор “Эрчист Монгол” ХХК-аас МИАТ ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаанд анализ хийгээд зөвлөмж гаргая гэдэг зүйл ярьсан.
Энэ дүгнэлтээр 2025 оны есдүгээр сарын 1-ний хүртэлх МИАТ ТӨХК-ийн гуравдугаар улирлын тайлангийн асуудал яригдаж байгаа. Мэдээж ийм асуудлууд албан ёсоор яригдах нь зөв.
Энэ жил компанийн үндсэн нөхцөл байдал, санхүүгийн хувьд төвөгтэй зүйлс байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ шалтгаан нь өнгөрсөн жилийн хугацаанд ОХУ-аас авч байсан шатахууны үнэ 800 орчим доллар байсан бол энэ жил 1300 орчим доллар болчихсон. Мэдээж үүнтэй холбоотойгоор зардлууд өснө.
2021 оноос хойш МИАТ ТӨХК таван онгоцтой үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар 10 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Орон тооны хувьд батлагдсан тооноос айхтар хэтэрсэн зүйл байхгүй.
Мэдээж, түр орон тоонууд нэмэгдэж байгаа.
Үүн дээр хариуцлага тооцох асуудал яригдсан. Гэхдээ энэ хариуцлагыг тооцох байдал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал.
Үүнээс үл хамаараад сүүлийн сар гаруйн хугацаанд би өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг тавиад байгаа.
Үүнтэй холбоотойгоор энэ асуудлыг мушгин гуйвуулаад байх шиг байна.
Сүүлийн хоёр хоногийн хугацаанд олон нийтийн сүлжээнд нэлээн л их юмнууд яригдаж байна. Намайг МИАТ ТӨХК-ийн захирлыг шахаад, баахан бүлэглэлүүд ажлыг нь авах гээд байна гэх зүйлсийг яриад байх шиг байна. Тийм юм ерөөсөө байхгүй.
Зүгээр ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг буруутгаж болохгүй.
Үндсэндээ 2022-2024 оны хувьд Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт сайд өөрөө ажиллаж байсан. С.Бямбацогт сайд бид хоёр МИАТ ТӨХК дээр хийсэн өөрчлөлтүүдийг хамтдаа л хийж явсан.
Хаа байсан З.Мэндсайхан гишүүнийг тэнд оролцуулаад яриад байх шиг байна. З.Мэндсайхан гишүүнтэй нэг нутгийнх, гайгүй харилцаатай л байдаг.
Ямар нэгэн байдлаар шахаж, шаардаж, бүлэглэсэн зүйл байхгүй.
2020-2021 оны хугацаанд томоохон өөрчлөлтүүд гарлаа. МИАТ ТӨХК 2500 орчим нислэгийг жилдээ хийдэг байсан бол 4500 орчим нислэгийг хийдэг болсон байна. Зорчигчийн тоо 700 орчим мянга байсан бол 1.200.000 болсон. Жилдээ бид 500 тэрбум төгрөгийн орлого олдог байсан бол их наяд төгрөг орчмын орлого олдог болсон.
МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын тээврийн зах зээлийн нийт 50%-ийг эзэлж байгаа компани. Агаарын тээврийн зах зээл өөрөө цаашаа өргөжих нь маш чухал. Ингэхийн тулд транзит зорчигчдыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагууд үүсэж байна.
2019 онд Ковидын өмнөх үед жилдээ хамгийн дээд тал нь 3800 зорчигчийг транзитаар тээвэрлэж явсан бол цаашлаад бид 50 орчим мянган зорчигчийг жилдээ тээвэрлэж байна. Энэ нь өөрөө агаарын тээврийн зах зээл гэх хэмжээг цаашаагаа тэлэх том боломж.
Монгол Улс 3,5 сая хүн амтай. Эдгээрийн 63 орчим хувь буюу 2,2 сая зорчигчийг 2024 онд тээвэрлэчхээд байна шүү дээ. Энэ чинь үндсэндээ агаарын тээврийн зах зээл ханачхаад, таазандаа тулах болчхоод байна.
Тиймээс цаашдаа бодлогын түвшинд транзит зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх ажлыг хийх нь хамгийн чухал байна.
МИАТ ТӨХК одоогоор 5 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай. Энэ алдагдал нь он гарахад 10 гаран тэрбум хүрнэ гэсэн. Үүнтэй та санал нийлж байна уу?
Энэ жилийн эцсийн дүн гараагүй байна. Есдүгээр сараас хойш 12 сарыг хүртэлх хугацаанд олон үйл ажиллагаанууд хийгдэж байна. Транзит ажлууд, МИАТ ТӨХК-ийн нойтон түрээсийн онгоц гадагшаа гарч үйлчилгээнд явах гэж байна. Маш томоохон орлоготой ажлууд хийгдэж байна.
Үүн дээр хамгийн чухал зүйл нь үндсэндээ 2011 оноос хойш хөдлөөгүй байсан МИАТ ТӨХК-ийн тарифыг 2022 онд 10-41 хүртэлх хувиар хямдруулчихсан байгаа шүү дээ. Энэ дүнг зардлууд дагаад өссөн ч гэсэн нэг ч нэмээгүй явж байна. Үүнийг ард түмэн ойлгох хэрэгтэй.
Мөн орон нутгийн нислэгийг 2023 оны долоодугаар сарын 1-ээс бид нар сэргээсэн. Орон нутгийн нислэгийг хөгжүүлэх зорилготойгоор цаашаагаа явах нь ойлгомжтой.
Ер нь шинээр нислэг, чиглэл нээж ажиллуулна гэдэг нь авиа компанийн бизнесийн хувьд тогтворжуулах, үүнийгээ бойжуулах хоёроос гурван жилийн хугацаа заавал байдаг.
Өнөөдрийн гарсан алдагдал ирээдүйн энэ том тэлэлтийнх нь л эхлэл шүү дээ. Цаашдаа МИАТ ТӨХК алзахгүй гэж би бодож байна.
Таны ажлын үзүүлэлт сайн байгаа боловч өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа нь ямар учиртай юм бол?
Би МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар нийт 4 гаруй жилийн хугацаанд ажилласан. МИАТ нэгтгэл салаад Иргэний Нисэхийн Ерөнхий Газар МИАТ ТӨХК болсноос хойших ажилласан Гүйцэтгэх захирлуудаас хамгийн урт хугацаанд ажилласан нь би болчхоод байна л даа. Цаашдаа өөрийнхөө хувь хүнийхээ карьерыг хөөе, аж ахуйн ажлаас хөндийрье, бодлогын түвшинд ажил эрхэлье л гэж байгаа юм.
Би чинь МАН-ын бага хурлын гишүүн хүн шүү дээ. Улс төрийнхөө ажлыг хийе гэдэг бодолтой л явж байгаа.
Ямар нэгэн байдлаар, би дахин давтан хэлье. Ямар нэг байдлаар хэн нэгэнд дарамтлуулаад, чи ажлаа өг гэж шахуулаад, ажлаа өгч байгаа зүйл ерөөсөө байхгүй.
Таныг орлох дараагийн даргын тухай цахим орчинд яригдаад эхэлсэн байна лээ. Энэ талаар мэдээлэл байгаа юу?
Миний үндсэн мэргэжил мэдээллийн систем менежмент буюу IT чиглэлийн мэргэжилтэй хүн. МИАТ ТӨХК-д сүүлийн 8 жил ажиллаж байна.
Анх Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэгээд захиргаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал болоод одоо 4 жил болж байна шүү. Үндсэндээ би дөнгөж ажил авсныхаа дараа нэлээн олон зорилтуудыг тавьж байсан. Энэ зорилтуудын хүрээнд миний хийж чадаагүй ганц ажил байгаа. Энэ нь юу вэ гэхлээр олон улсын хөрөнгийн бирж дээр МИАТ ТӨХК-ийг нээлттэй Хувьцаат компани болгоё. Ингэж байж энэ компанийн засаглал, хяналт, бүх юм сайжрах юм байна. Олон нийтийн нээлтэд орж байж цаашид хөгжих ажлууд нь явагдах юм байна гэдэг дээр би 100% санал нэг байгаа. Засгийн Газрын зүгээс энэ ажлыг зохион байгуулах үүрэг өгөөд бид хийгээд явж байсан.
Энэ хугацаанд бас яагаад хийж чадсангүй гэж гайхаж байж магадгүй.
Монгол Улсын Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн хүрээнд МИАТ ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий 4 аудитын тайланг олон улсын хөрөнгийн биржүүд шаарддаг. Энэ тайланг хэлэх гэхлээр шууд хууль зөрчөөд нэг компанийг сонгоод авч чадахгүй л яваад байсантай л холбоотой.
Мэдээж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн Газар, мөн Улсын Их Хурлаас үндсэн чиглэл гараад МИАТ ТӨХК-ийг олон улсад нээлттэй “Хувьцаат компани” болгоно гэдэг шийдвэр гарчих юм бол бидний зүгээс нэр хүнд бүхий 4 том аудитын байгууллагуудтай гэрээ хийгээд, өнгөрсөн жилүүдийнхээ санхүүгийн тайланг гаргасан цагт олон улсын хөрөнгө оруулагч нар тэр тайлан дээр тулгуурлаж, итгэж хөрөнгө оруулах боломжтой.
Дараагийн Гүйцэтгэх захирал хэн байхаас үл хамаараад энэ ажил цаашаагаа явах байх.
Дараагийн Гүйцэтгэх захирлаар ямар хүн очихыг би мэдэхгүй байна.
Олон нийтийн сүлжээнд сонгон шалгаруулалт хийх ёстой гэдэг зүйл явж байна лээ. Үндсэндээ би өөрөө сонгон шалгаруулалтаар ороогүй. Тухайн үед бас ярилцлага хийгээд, өөрийнхөө төсөл хөтөлбөр, ийм ажлуудыг хийнэ гэж танилцуулаад 2021 оны есдүгээр сард МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан.
Мэдээж дараагийн захирал энэ ажлыг хийж гүйцээхийн тулд санхүүгийн мэргэжилтэй хүн байвал зүгээр болов уу гэсэн бодол байгаа.
Олон улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улс анх удаагаа сонгогдож байсан. Та ажлаа өгвөл гишүүн байхаа болино гэсэн үг үү? Энэ холбоонд нэгдсэнээр ямар давуу байдал үүссэн бэ?
МИАТ ТӨХК анх 1997 онд Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо буюу IATA гэдэг байгууллагад элссэн байдаг. 2007 онд тухайн удирдлагуудын шийдвэрээр олон улсын агаарын тээврийн холбооны аюулгүй ажиллагааны аудит МИАТ ТӨХК хоёр жил тутамдаа аваад явж байгаа.
2024 онд аюулгүй ажиллагааны IOSA аудитыг давсан.
2026 онд дахиад энэ аудитад авах үйл ажиллагаа эхэлнэ.
Миний бодлоор Олон Улсын Агаарын Тээврийн Холбоонд томоохон авиа компаниудын эрх ашиг дандаа тэргүүн эгнээнд явж байдаг.
Энэ байгууллага нь 380 орчим гишүүнтэй, 30 орчим удирдах зөвлөлийн гишүүнтэй. Тэгэхээр томоохон компаниуд буюу дэлхийн нэр хүндтэй бүх авиа компаниуд энэ Удирдах зөвлөлийг бүрдүүлдэг учраас жижиг авиа компанийн ялангуяа дэлхий нийтэд далайд гарцгүй 32 улсын нэг болох Монгол Улс дуу хоолой орохгүй байна гэдэг асуудлыг би байнга өргөж тавьж байсан.
Үүний хүрээнд олон улсын агаарын тээврийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр орох хүсэлтээ удаа дараа өгсний үндсэн дээр олон улсын Агаарын тээврийн холбооны удирдлагуудтай ярилцаж байж Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож ажиллаж байгаа юм.
Энэ нь өөрөө ямар давуу талтай вэ гэхлээр МИАТ ТӨХК-ийг олон улсад таниулах брэндийн асуудал яригдаж байгаа байхгүй юм.
Мэдээж энэ ажлыг зохион байгуулж явснаар МИАТ ТӨХК-д сүүлийн хоёр жилийн хугацаанд бидний болоод миний хувьд МИАТ гээд очихдоо нэр бардам байлаа.
Энэ ажлыг мэдээж авиа компанийн Гүйцэтгэх захирал биш бол өгөх өгөхөөс өөр аргагүй болно. Мэдээж өгнө. Гэхдээ үүнийг цаашдаа дэлхий нийт агаарын тээврийн салбар дунд мэдэж байгаа учраас дараагийн хүн маань ч гэсэн сонгогдох бүрэн боломжтой гэсэн үг.
МИАТ ТӨХК-ийн сарын орлого, зарлагын зөрөө хэр байдаг вэ? Алдагдалтай байгаа мөнгөнийхөө эх үүсвэрээ хаанаас нөхөж авдаг юм бэ?
Энэ чинь санхүүгийн тайлан, баланс. Тэгэхээр яг мөнгөөр орж байгаа орлого, мөнгөний зарлагын зөрөө биш шүү дээ.
Санхүүгийн тайлан баланс гэдэг МИАТ ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн элэгдлийн хэмжээ, маш олон тооцоонуудад орж байж гардаг. Мэдээж өнгөрсөн 2024 онд ИНЕГ-аас бид “Чингис хаан” шинэ нисэх буудал дээрх Ангарын барилгыг шилжүүлж авснаар манай элэгдэл огцом өссөн.
Шатахууны зардал өссөнтэй холбоотой зардлууд явж байгаа. Мөнгөн урсгалын асуудал ерөөсөө яригдаагүй байгаа шүү дээ.
Намайг ажлаа авахад 52 тэрбум төгрөгийн алдагдалтай л ажиллаж байсан компани.
Энэ алдагдал чинь шууд бэлэн мөнгөөр халааснаас гараад явчхаж байгаа юм ерөөсөө биш.
Үүнийг хийж байгаа гол зорилго нь 2025 онд МИАТ ТӨХК 4 шинэ чиглэл нээлээ. Тэгэхээр энэ 4 шинэ чиглэл цаашид транзит зорчигчийг хөгжүүлэх, Монгол Улсыг агаарын тээврийн зангилаа буюу HUB болгох ажлыг бодлогын хүрээнд явуулаад байна гэсэн үг.
Цаашдаа МИАТ ТӨХК өнөөдөр явуулж байгаа үйл ажиллагаагаараа явахад алзахгүй гэж үзэж байгаа учраас би үүн дээр нэг их санаа зовохгүй ажлаа итгэл төгс өөрийнхөө хүсэлтээр өгч байгаа гэж та нар ойлгох хэрэгтэй.
Том худалдан авалт буюу шингэн түлштэй холбоотой ямар бодлого баримталж ажилласан бэ?
Тухайн шатахуун нийлүүлэгч байгууллагуудын удирдлагуудыг оролцуулаад тэр хүний шахаагаар явчихлаа гэдэг мэдээллүүд яваад байна. Энэ бол ор үндэсгүй.
2022 оны есдүгээр сарын 6-ны өдрөөс хойш Ц.Анандбазар захирлын хариуцдаг, хамаарал бүхий “Сод Монгол”, “Мэргэ ван” компаниудтай МИАТ ТӨХК ямар ч харилцаагүй болсон.
Өнөөдрийн байдлаар агаар баялгийн түлшийг Монгол улсын төрийн өмчит “Эрчис Ойл” гэдэг компаниар дамжуулан ОХУ-ын Роснефть гээд компаниас зардал, нэмэгдэлгүйгээр шууд авч байгаа.
Үндсэндээ дундын зуучлагчгүйгээр л авч байгаа гэсэн үг.
Дундын зуучлагчгүй явах зарчим нь зөв гэж үзэж байна уу?
Мэдээж, зөв байлгүй яах вэ дээ. Монгол улс өөрөө агаарын хөлгийн түлш ер нь автомашины болон түлшний үйлдвэрлэгч улс биш тийм үү.
Орос Украйны дайн үүссэнтэй холбоотойгоор ОХУ-ын ханган нийлүүлэгч түлшний үйлдвэрлэгч байгууллагууд дээр асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор тээврийн зардал нэмэгдэхээр энэ зардал маань өсөөд явж байгаа. Энэ бол түр хугацааны л зүйл. Үндсэндээ тухайн үйлдвэрээс шууд шатахуун авна гэдэг нь компанийн хувьд ч гэдэг юм уу, Монголын агаарын тээврийн салбарт ч гэсэн хэрэгтэй л зүйл
Бид хямдхан үнээр авч байгаа гэж ойлгож болно.
Гадагшаа онгоц түрээсэлж байгаа ашиг алдагдлаа нөхөх үү?
2022 онд МИАТ ТӨХК 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
2023 онд 37 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. 2024 онд 23 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. 2025 оны гуравдугаар улирлын байдлаар 9,6 тэрбумын алдагдалтай явж байна гэж байна шүү дээ. Энэ дөрөвдүгээр улирлын байдлаар яаж гарахыг би одоо хэлж мэдэхгүй байна. Бид нар яг тооцоогоо тавьж байж л гарахаас өөр аргагүй шүү дээ.
Мэдээж нойтон түрээсээр онгоцоо гаргана ч гэдэг юм уу бусад транзит зорчигчийн урсгалын орлого гэдэг юм чинь тухайн жилийн тайлант хугацаа өнгөрч байж тооцоон дээрээ гарч ирнэ.
Би одоо тэрийг шууд урьдчилж хараад цээжээрээ хэлж мэдэхгүй байна.
Миний баримжаагаар айхтар алдагдалтай гарахгүй байх. Бага зэргийн алдагдалтай ч гарч магадгүй. Гэхдээ энэ нэг их эмзэглээд байх зүйл биш.
Бид түрүүн хэлсэн. Агаарын тээврийн зах зээлийг тэлэх ажиллагаа эрчимтэй хийгдэж байна. Зөвхөн энэ жилийн дотор бид Улаанбаатар, Шанхай, Сингапур, Хонконг, Эрээний чиглэлүүдийг нээж байна. Энэ нь эргээд тухайн чиглэлүүдээр дамжаад Европ руу явж байгаа хүмүүсийг, Европоос, Улаанбаатараар дамжаад Азийн, Зүүн өмнөд Азийн орнууд руу явж байгаа хүмүүсийг холбож, транзит урсгалыг хөгжүүлэх нь л өөрөө чухал. Мөн транзит ачааны асуудлууд яригдаж байгаа.






