
Сайн байцгаана уу эрхэм уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сонингоо нь та бүхэндээ өнгөрсөн хугацаанд болсон сонин, хачин мэдээллүүдийг багцлан хүргэе.
Physical asia дуусаад, дээгүүр доогуур сандал суудал солигдоод, бензин голоор нь тасраад, ханиад томуу дэгдээд, утаа униартаа дарагдаад, улс төр нь бужигнаад, уухайн түрлэг хангинаад, улс орноороо догдолсон, эмтэрсэн, эвдэрсэн, амарсан долоо хоногууд өнгөрлөө.
Physical Asia Тэмцээн дуусаад Монгол Улсын баг маань үзүүр, түрүүнд үлдээд үнэхээр хичээсэн ч дэд байранд орсон. Үүнийг дагаад Солонгосчууд булхайцсан гээд л сошиолоор нэг шуугиад амжлаа. Анзаараад харахаар үнэн ч юм шиг, алмайраад харахаар худлаа ч юм шиг. Заа тэгээд юу ч болсон энэ ялалтад, тэр дундаа Э.Лхагва-Очирын төрийн далбаандаа мөргөдөг хэсэгт бол respect.

Шоу дуусаад өнгөрсөнгүй ээ. Б.Энх-Оргил маань солонгосын багийн эмэгтэйг хайрын харцаар ширтээд байна гэсэн чинь өнөөх бүсгүй нь монголд ирээд хамтдаа бэлтгэл хийгээд, бичлэг ч хийгээд амжсан. Тэгсэн нэг үнсэлтийг нь аваад явъя, хайр бол болохгүй ээ гээд Б.Энх-Оргилыг маань өнчин зүрхтэй нь үлдээх гэж байх шиг байна. Улс орон даяараа л энэ хоёрын хайр сэтгэлийн асуудалд анхаарал хандуулаад зарим нь бүр үлдтэл нь үнс, хилийн хориг тавиул гээд хошигноод амжжээ.


Үүний араас Австралийн багийн Дом Томассо ирсэн. Инстаграм дээр 3,7 сая дагагчтай гээд л бод. Ёстой нээрээ аялал жуулчлалыг чинь ингээд нэхх мөнгө төгрөг зарцуулаад байхгүйгээр аятайхан зохицуулчхаж болдог л юм байна ш дээ.


Яг ингээд л хаа сайгүй огшоод л, омогшоод л байж байсан чинь Дуучин И.Мишээл маань Silk road star шоундаа түрүүлээд л. Шүүгчээр нь зууны манлай Б.Сарантуяа эгч суучихсан. Монгол дуугаа дуулаад л тив, дэлхийгээр тархсан монголчууд саналаа өгөөд л ёстой эв нэгдэл, туурга тусгаар улс гэдгээ харуулаад амжсан.


Та нар санаж байвал хэдэн жилийн өмнө И.Мишээл маань Б.Чинбат, Ц.Сарнай хоёрын талаар шүгэл үлээгээд хэсэг шуугьж байсан даа. Тэгэхэд монголчууд энэ охин уг нь их юм дуулгах хүүхдэдээ гэж байсан бол энэ удаа тэр өөрийгөө баталж чадлаа. Урлагийн зам нь дардан байх болтугай.






Өвөл гэхээр л бусад орны хүмүүст гялалзсан цагаан цас, шинэ жил гээд л догдлол дүүрэн өдрүүд эхэлдэг бол манай улсад утаа, түгжрэл, ханиад томуу гээд дандаа болж бүтэхгүй зүйлс ар араасаа цувахыг нь яана.


Ямар сайндаа:
Нүүрсний утаа боргилсон
Түнэр харанхуйд төрсөн би
Нүүгэлтсэн саарал хотоо
Нийслэл минь гэж боддог оо
Энэрэлгүй ноёдыг бодохоор
Элэг зүрх минь эмтэрч
Хорсол гунигийн нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг гэх шүлэг хүртэл гарах вэ дээ.
Утаандаа ч юм уу улиралдаа ч юм уу мутацид орсон эмчилье эмчилж болдоггүй айхтар ханиад ороод ирчихсэн ард олноороо л хоморгод нь өртөөд яваад байна шүү.


Эмч нарын зөвлөгөөгөөр олны хөлийн газраас хол байгаарай гэсэн ч сургууль, цэцэрлэг орж байгаа энэ цагт яаж хол байх вэ дээ. Бие биедээ халдаасаар байгаад л дуусна. Ямартай ч хэсэг шуугиад Ерөнхий боловсролын хичээлийг карентилах талаар яригдаж эхэлсэн ч яаран шийдвэр нь гарсангүй ээ. Ядаж л 12 сарын 1-ээс ханиад, томуу хүндэрсэн сургуулиудын 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлэхээр болсон байна.
Яадаг ч байсан та нар минь дархлаагаа сайн дэмжиж, маскаа тогтмол зүүж өөрөө өөрсдийгөө л хамгаалахгүй бол өөр хүний гар хараад суувал өнөө мөдгүй өнхрөөд өгөх нь байна шүү.


Улс төрийн үймээн ч бас дутсангүй ээ.
МАН-ынхан Н.Учралыг намын даргаараа сонгоод, томилчихсон. Энэ томилгооноос хойш УИХ-ын дарга болсон Н.Учралын оронд Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг томилохоор болж, харин Энхбаярын оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилсон. Шадар сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн нэр яригдаж эхлээд удалгүй уг албанд томилогдсон бол УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа оронд нь Төсвийн байнгын хорооны даргаар томилогдлоо.
Төрийн хямралд хүрэх дөхсөн түшээдийн сандал суудлын хэрүүлийн дундуур парламентын танхимын гишүүд хоёр талцаж, дэмжиж байгаа хүнээ өмөөрч ард түмнээсээ итгэл авч сонгогдсоноо умартан улс төрийн хэрэгсэл болж сар гаруй гүйцгээсэн Улс төрийн тоглоомд “Цодгор хүү” цод тавьж, шагналаа хүртэх нь хүртэж, шавартаа унах нь унаж дууслаа. Цаашид ч тэгээд дараагийнх нь хүмүүс шагналын томилгоогоо хүлээгээд бэлэн байж байх жишээтэй.
Заа ингээд энэ удаагийн сонин хачин мэдээллүүдээ Ө.Сонингоо нь та бүхэндээ хүргэлээ. Дараа долоо хоногт дахин уулзталаа түр Bye.






