
Өнгөрсөн сард болон энэ сард шатахууны хомсдол үүсэж, иргэд шатахуун авах гэж урт дараалалт, хонон өнжин зогсож авч байсан. Үүний шалтгааныг дээрх хуулийн санаачлагч Г.Дамдинням сайд тайлбарлахадаа шатахуун хадгалах, нөөцлөх сав, агуулах хангалттай байхгүй учраас ийм асуудал үүссэн гэсэн. Тиймээс импортлогч аж ахуй нэгжүүдээ дэмжиж, Монголбанкнаас репо арилжааны нөхцөлөөр санхүүжилт гаргах, санхүүжилтийг хөнгөлөлттэй олгох зэргээр шийдэхээр “Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай” хуулийг санаачилж, УИХ-аар яаралтай горимоор батлуулахаар оруулж ирлээ.
Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийн импортын хамааралтай манай улсын хувьд дотоод эрэлт улам бүр нэмэгдэж байгааг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах харилцааг зохицуулах зорилготой аж.
Оросын Холбооны Улсаас манай улсад нийлүүлэх шатахууны импортын хил үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд хил үнэ нь дотоодын зах зээл дээрх борлуулалтын үнийг тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 95 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж ирсэн.
- 2023 онд 2.4 сая тонн,
- 2024 онд 2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн тус тус импортлон хэрэглэж байсан бол
- 2025 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар импортын хэмжээ 2.2 сая тонн болж өмнөх оноос даруй 21 хувиар өссөн.


Цаашид уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дагаад манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж,
- 2026 онд 2.8 сая тн,
- 2027 онд 2.9 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Засгийн газар болон нийлүүлэгч компаниудаас тус улсын дотоодын зах зээлийн нөхцөл байдал, үйлдвэрийн процесс, төлөвлөгөөт ажилтай холбоотойгоор гаргасан экспортын хориг, нийлүүлэлтийг бууруулах зэрэг арга хэмжээнүүд нь манай улсын шатахууны хангамжийн тогтвортой байдалд шууд нөлөөлж, тасалдал хомсдол үүсгэн, эрэлтийг нэмэгдүүлэн, үнийн хэлбэлзлийг бий болгож ирсэн.
Тухайлбал, 2021 оны 10 дугаар сард ОХУ-ын Роснефть компани АИ-92 автобензинийн сарын нийлүүлэлтийг бууруулсантай холбоотойгоор дотоодын зах зээл дээр АИ-92 автобензин тасалдсан, мөн ОХУ-ын Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1537 дугаар тогтоолоор шатахууны экспортыг түр хугацаанд хориглосны улмаас Монгол Улс руу ачигдах газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт зогсож, нийт 21 хоногийн хугацаанд импорт хийгдээгүйгээс шалтгаалан дотоодын зах зээл дээр түлш, шатахууны хангамж тасалдах, доголдох эрсдэлүүд тулгарч ирсэн.
Иймд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сар (30 хоног)-аас доошгүй хэрэглээний нөөцийг хадгалах агуулах барихад шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэхүү “Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Энэ хуулийн төсөл нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.
Тухайлбал, Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч талаас 50 болон түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд дотоодод шатахууны нийлүүлэлтэд хомсдол, тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах бөгөөд улмаар шуурхай штаб байгуулж, импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, импортын шатахууныг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох ажлыг шуурхай зохион байгуулна хэмээн заажээ.
Түүнчлэн, шаардлагатай тохиолдолд онцгой байдлын болон батлан хамгаалах салбарт хадгалагдаж байгаа нөөцийг гаргах асуудлыг шийдвэрлэнэ.
Дээрх зохицуулалтаас гадна Монголбанк стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох,
- хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж,
- дэд бүтцийг шинээр барих,
- өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээ авах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Уг хуулиар Засгийн газрын бүрэн эрхийг:
– Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаар, Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагын хүрээнд Засгийн газрын өрийн баталгаа гаргах
– төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна
– Шатахууны хангамж, нийлүүлэлтийг дэмжих аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхойлон, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хангуулан ажиллана хэмээн тусгаад байна.






