
Жил бүр Монголын Зохиолчдын Эвлэлээс эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулдаг “Болор цом” яруу найргийн наадмаа хийж “Болор цом”-ын эзнээ тодруулдаг уламжлалтай.
Улс тунхагласны баярын өдрөөр буюу арван нэгдүгээр сарын 26-нд “Болор цом” 43 яруу найргийн наадам болж нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг гэгдэх 28 яруу найрагч шүлгээ дуудан өрсөлдөж шилдэг таван яруу найрагч тодорлоо.
- Тавдугаар байранд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Б.Ганхүрэл “Чиний гар”
- Дөрөвдүгээр байранд М.Цэрэндоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Эрдэнэ-Очир “Дуртгалын алтан цулбуур” шүлэг
- Гутгаар байранд “Болор цомын” эзэн яруу найрагч Д.Болдхуяг “Монгол бичиг” шүлэг
- Дэд байранд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт Л.Торой нар тус тус байр эзлэв.
Харин өнөө жилийн “Болор цом” 43 яруу найргийн наадмын тэргүүн байр буюу Эгшиглэнт эхийн хишигт найрагчаар Монголын Зохиолчдын Эвлэлийн, Яруу найргийн үндэсний төвийн дарга, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан “ҮГ” хэмээх шүлгээр тэргүүн байр эзэлсэн билээ.
Цахим сүлжээнд энэ жилийн “Болор цом” 43-ын тэргүүн шүлгийн талаар төрөл бүрийн сэтгэгдлүүд хөвөрсөөр байна.
Уншигчид та бүхэндээ сонирхуулах үүднээс “Болор цом” 43 наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.
Хамаг хайрыг би үгнээс авч
Хамаг хайраа би үгэнд юүлсэн
Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс
Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй
Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй
Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй
Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй
Үг миний мөргөлийн сүм
Үг миний өргөлийн сум
Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр
Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр
Дардам мөртөө замаа олоогүй үгэнд
Зам болж
Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд
Тэнгэр болж явдаг би
Үгэн дотор далавч байдгийг харж
Үг шувуу шиг нисэж дүүлдэгийг ч үзэв би
Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж
Үг үгийнхээ салхинд гандаж хагдардагийг ч танив би
Үг миний энхрий үрс
Үг миний эх нутаг
Үг миний эх орон
Үг миний эх дэлхий билээ.
Чулуу шиг үгэнд ус хадгалж
Нэлийсэн их далайг хурааж үзсэн би
Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж
Цэлийсэн тэнгэрийг амрааж ч явсан би
Уул шиг үгэнд тал сөхөрдөгийг харж
Ухаант өвгөдийнхөө үг сургаалыг дагасан би
Ус мөрөн шиг үгнээс амьтан хүн ундаалахыг үзэж
Улс гэртээ эзэн суухыг ч таньсан би
Үг миний өдөр хоног
Үг миний чөдөр аргамж
Үг миний мөр зам
Үг миний мөрөөдөл хүсэл
Үг төрж, үг өсдөг хорвоод
Үг өвдөж, үг эдгэдэг орчлонд
Үг уйлж, үг дуулдагийг таньснаас
Үг өтөлж, үг үхдэгийг харсангүй би!
Үг миний туургат – гэр орон
Үг миний тусгаар тогтнол – эрх чөлөө!
Н.Минжинсайхан
Аливаа тэмцээн, уралдааныг үнэнч шударга, чанар, чансаатай явуулж байж олон түмэн ам сайтай байна. Гэтэл жил жилийн “Болор цом”-ын тэргүүн шүлгүүд ёс юм шиг хэл ам дагуулах болов.
Яруу найргийн үндэсний төв нь аймгуудын салбар холбооны зохион байгуулж буй яруу найргийн тэмцээнүүдэд шүүгчдийг тохоон томилж, “Болор цом”-ын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тохоон томилдог бөгөөд үүнээс өөр ямар нэгэн онцгой үүрэг хүлээгээгүй байгууллага бөгөөд Тус төвийн тэргүүнээр энэ жилийн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Минжинсайхан 2022 оноос эхлэн удирдаж эхэлсэн байна.
Өөрөөр хэлбэл өөрөө зохион байгуулаад өөрийгөө түрүү яруу найрагчаар тодруулсан гэсэн үг. “Болор цом”-ын шилдэг 28 яруу найрагчийн нэрс тодрохоос өмнө Н.Минжинсайхан түрүүлнэ гэх бор шувуу яруу найрагчдын дунд жиргэж байснаас үзвэл “Болор цом”-ын эзэн аль хэдийн тодордог гэх ам дамжсан яриа үнэн ч юм шиг.
Жилд ганцхан удаа болдог Үндэсний хэмжээний томоохон яруу найргийн наадам болох “Болор цом”-оо элдвийн хэл амгүй, будилаан, найраагүй зохион байгуулахыг яруу найраг сонирхогчид болон Монголын ард түмэн хүссээр байна. “Болор цом” шиг “Болор цом” үгүйлэгдэж байна.







Оюун санаа тунгалаг цэвэр байх болтугай. Ичиж амьдармаар хүмүүс байна шүү.