
Ажилгүйдлийн тэтгэмж хугацаа хоцорч, 10, 11 дүгээр сарын тэтгэмжээ аваагүй иргэд салбарын яам болон Нийгмийн даатгалын байгууллагууд руу бухимдал илэрхийлж эхэлжээ.
Энэ талаар НДЕГ-аас тодруулахад,
“УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хуулийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй.
Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 дүгээр сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгоод байна.
Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зарим ажил олгогч байгууллага шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4675 хүнд олгохоор хүлээгдэж байна. Энэхүү асуудлыг сангийн орлого орох тухай бүрт шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль УИХ-аас батлагдсан бөгөөд 2026 онд ийм хүндрэл гарахгүй” гэлээ.
Нийгмийн даатгалын байгууллагад нийт 61 мянган ажил олгогч, 1.2 сая хүн бүртгэлтэй байгаагийн 160 орчим мянга нь сайн дурын даатгуулагч, 1.1 сая нь албан журмаар даатгуулдаг.
Дээрх ААН-үүд 35 мянга орчим нь НДШ-ийн өртэй буюу 10-р сарын байдлаар 35 мянган ажил олгогчид 600 гаруй тэрбум төгрөгийн өр үүссэн аж.
Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо өсөж, мөн төрийн албан хаагчдын цалин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөвдүгээр сараас нэмэгдүүлсэнтэй холбогдуулан тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж байна.
Ажилгүйдлийн тэтгэмж нь тухайн иргэний сүүлийн 9 сард авсан цалингийн хэмжээтэй шууд хамааралтай байдаг. Дунджаар нэг иргэн 5.7 сая төгрөгийн тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын сангаас авч байна.







Монголчуудыг тэжээдэг бизнесийнхэн хувийн аж ахуйн нэгжүүдийг орлогогүй байсан ч татвараар дарамталж монголчуудыг хөл дээр нь босоо байлгах юм даа.