
АНУ болон Украины эрх баригчид ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөөний ихэнх заалт дээр зөвшилцөлд хүрч чаджээ.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп төлөөлөгч нартаа ОХУ болон Украины эрх баригчидтай уулзаж, дайныг дуусгаж, энхийг тогтоох гэрээний эцсийн хувилбарыг бэлэн болгохыг үүрэг болгосон талаараа нийгмийн сүлжээндээ бичжээ.
Түүний хэлснээр тусгай төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москваг зорих бол Америкийн Зэвсэгт хүчний сайд Дэн Дрисколл Украины талтай уулзах аж.
Ерөнхийлөгч Д.Трамп сүүлийн 7 хоногийн хугацаанд АНУ-ын засаг захиргааны ачаар ОХУ-Украины дайныг дуусгах ажилд томоохон ахиц дэвшил гарсан гэдгийг онцолжээ.
Вашингтоны боловсруулсан 28 заалт бүхий дайныг дуусгах төлөвлөгөөнд талуудын санал хүсэлтийг тусгаж, сайжруулснаар талууд цөөн хэдэн заалт дээр л зөвшилцөлд хүрэх үлдээд байгаа аж.
Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ болон Украины төрийн тэргүүнүүдтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа ч талууд дайныг дуусгах төлөвлөгөөний бүх заалт дээр зөвшилцөлд хүрсэн тохиолдолд л хоёр улсын төрийн тэргүүнүүдтэй уулзана гэдгээ онцолжээ.
Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермакийн мэдэгдсэнээр Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай аль болох хурдан уулзаж, дайныг дуусгах төлөвлөгөөний хэд хэдэн заалтыг хэлэлцэх хүсэлтэй байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар В.Зеленский Д.Трамптай Украины газар нутаг, Киевийн НАТО-д элсэх тухай асуудлуудыг биечлэн ярилцах хүсэлтэй байгаа аж.
Эх сурвалж: BBC






