
“Хүүхдээ утаат тамхинаас гаргахын тулд электрон тамхийг нь зөвшөөрсөн гэх хариултыг өгдөг эцэг, эхчүүд ч бий”
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэх болсонтой холбогдуулж эмч, багш, эцэг эхийн төлөөллөөс мэдээлэл өгөв. Энэ үеэр сурагчдын электрон тамхины хэрэглээний талаар Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан боловсролын байгууллагыг төлөөлж дараах мэдээллийг хэллээ.
Тэрбээр “Хүүхдийн эрүүл аюулгүй байдалд анхаарах асуудал нийгмийн ажилтнуудын өмнө тулгардаг. Сүүлийн жилүүдэд сургуулийн орчинд сурагчид электрон тамхи авчрах, татах явдал түгээмэл гарч байна. Үүнд багш, нийгмийн ажилтан болон эцэг эхчүүдийн зүгээс зохих арга хэмжээг авч ажиллаж байна.
Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 200 гаруй хүүхдийг хамруулсан тамхины хэрэглээтэй холбоотой асуумж, судалгааны үр дүнг энд товч танилцуулъя. 2023 онд “Электрон тамхи тамхинаас гарах хэрэгсэл мөн үү?” гэж 200 гаруй сурагчаас асуумж авахад “50 хувь нь тамхинаас гаргана” эсвэл “мэдэхгүй” гэх ойлголт дутмаг хариулт өгсөн.
Мөн “Эрүүл мэндийн болон санхүүгийн хувьд ямар хор нөлөөтэй вэ?” гэдгийг тодруулахад энэ талын мэдлэг хомс байсан. Хүүхдүүдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ёстой гэж үзээд электрон тамхины сургалтуудыг мэргэжлийн хүмүүстэй болон өөрсдөө эх сурвалжуудаас мэдээлэл авч хамтран сургалт бэлтгэсэн байдаг. Сургуулийн багш нар, үйлчилгээний ажилтнууд, эцэг эх, эргүүл жижүүрүүд энэ чиглэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэж 2023 оноос эхлээд үе шаттай сургалтуудыг явуулсан. Үүний үр дүнд 2025 онд дахин судалгаа хийхэд “мэддэггүй байсан хүүхдүүд маань зохих хэмжээгээр мэдээлэл”-тэй болсон. Электрон тамхийг тамхи гэж үзэхгүй, утаанд нь хордож байгаа хүүхдүүд дам тамхидалтын талаар мэддэггүй байсан. Харин сургалт нөлөөллийн ажлыг явуулсны хүчинд “Электрон тамхинаас болж хорддог юм байна” гэдгийг мэддэг болсон гэсэн үг” хэмээв. Үргэлжлүүлэн эцэг эхчүүдийн зүгээс гаргаж буй зарим хандлагыг тэрбээр нэмж дурдлаа. Энэ талаар “Сурагчдаас электрон тамхи илрүүлсэн бол хурааж аваад эцэг эхэд нь өгдөг. Ингэхдээ хор нөлөөг нь давхар зөвлөдөг. Гэтэл нэг хүүхдийн ээж “Манай хүүхэд утаат тамхи татдаг. Би хүүхдээ тамхинаас гаргахын тулд электрон тамхи авч өгсөн. Би өөрөө зөвшөөрсөн” гэж хэлсэн удаатай. Мөн нэг аав орж ирэхдээ энгэртээ электрон тамхи зүүчихсэн байсан.
“Энэ чинь тамхи биш, тодорхой хуулийн зохицуулалт хаана байгаа вэ? Бидний эрхэнд халдаад хурааж авах хууль зүйн зохицуулалт байхгүй” гэж хэлсэн.
Эндээс харахад электрон тамхийг зохицуулсан хууль зайлшгүй хэрэгтэй юм байна. Ингэснээр өсвөр насны хүүхдүүдийг тамхинаас гаргах, энэ төрлийн хэрэглээнд илүү хяналт тавих боломжтой. Боловсролын байгууллагын зүгээс өөрсдийн хэм хэмжээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цаашлаад эцэг эх, залуучуудын зүгээс энэ чиглэлд маш сайн ойлгож, тал талын арга хэмжээг авснаар хүүхдүүдийг электрон тамхинаас гаргах бүрэн боломжтой” гэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийн видеог БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






