
БНСУ-д томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 14 дахин өндөр байна
Сүүлийн 4 долоо хоногт БНСУ-ын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн томуу, томуу төст өвчтэй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ жил тус улсад томуу, томуу төст өвчний халдвар авсан иргэдийн тоо сүүлийн 10 жилд байгаагүйгээр хурдацтай нэмэгдэж байгаа аж.
БНСУ-ын Өвчний хяналт, Өвчнөөс урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр энэ сарын 9-нөөс 15-ны хооронд амбулаториор үйлчлүүлсэн 1000 иргэд тутмын 66.3 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.4 дахин өссөн үзүүлэлт аж.
Томуу, томуу төст өвчний вирусийн халдварыг авсан иргэдийн тоо өнгөрсөн сарын 12-ноос эхлэн нэмэгдэж эхэлсэн ба насны ангиллын хувьд 7-18 насныхан хамгийн ихээр өвджээ. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд томуугийн улирал эрт эхэлсэнтэй холбоотойгоор томуугийн вакцинд хамрагдах нь чухал ач холбогдолтойг онцолжээ. Өнгөрсөн 9-р сарын 22-ноос 10-р сарын 18-ны хооронд тус улсад 11.08 сая хүн томуугийн вакцинд хамрагджээ. Тэдгээрийн 8.2 сая нь ахмад настнууд, 2.9 сая нь хүүхдүүд, үлдсэн нь жирэмсэн эмэгтэйчүүд аж.
Ахмад настнуудын 75 хувь, хүүхдүүдийн 59.6 хувь нь томуугийн вакцинд хамрагдсан нь өнгөрсөн оныхоос 1.2 болон 3.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Түүнчлэн вакцинд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо өнгөрсөн жилийнхээс 19 мянгаар нэмэгдсэн байна.
БНСУ-ын Өвчний хяналт, Өвчнөөс урьдчилан сэргийлэх агентлагийн мэргэжилтнүүд энэ жил дэгдээд буй томуугийн вирус нь мутацид орсон вирус байгаа ч томуугийн вакцин өндөр үр дүнтэй хэвээр байгааг онцолж, иргэдийг томуугийн вакцинд хамрагдахыг уриалжээ.






