
ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөөний 28 заалтыг 19 болтол бууруулж, багагүй өөрчлөлт оруулжээ
АНУ болон Украины төлөөлөгчдийн Швейцарын Женев хотод хийсэн уулзалтын үр дүнд 28 заалт бүхий АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны боловсруулсан ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөөнд зарим нэг өөрчлөлтийг оруулж, 19 заалттай болгосон талаар Financial Times мэдэгджээ.
Женевт болсон уулзалтад Киевийг төлөөлж оролцсон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Александр Бевз Вашингтоны анх танилцуулсан төлөвлөгөөнд багагүй өөрчлөлт орсон талаар мөн онцолжээ. Түүний хэлснээр тус төлөвлөгөөнд Киевийн талаас гаргасан бүх санал хүсэлтийг тусгасан байна. Харин зарим заалт дээр хоёр улсын төрийн тэргүүнүүд эцсийн шийдийг гаргахаар байгаа гэжээ. “РБК-Украина” агентлагт эх сурвалжуудын мэдээлснээр Женевт болсон уулзалтын үеэр Украин болон АНУ-ын төлөөлөгчид Д.Трампын энхийг тогтоох төлөвлөгөөний ихэнх заалт дээр зөвшилцөлд хүрч, дайны дараа Украины цэргүүдийн тоо хэд байх, Запорожье АЦС-ын хяналтыг хэн хариуцах, олзлогсод болон хоригдол солилцоо зэргийн тухай маргаан дагуулсан заалтуудад засвар оруулжээ.
Түүнчлэн талууд Украины газар нутаг, НАТО-д элсэх тухай асуудлуудыг төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцэх ёстой гэдэг дээр санал нийлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины туслах Юрий Ушаков Москва Д.Трампын боловсруулсан ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөөг хүлээж авч, судалсан болохыг онцолж, ОХУ, Украин, АНУ болон Европын талаас уг төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нь гарцаагүй гэжээ.
Түүний хэлснээр Д.Трампын баримталж буй байр суурь Кремлийн байр суурьтай хангалттай нийцэж байгаа аж. Женевт болсон уулзалтын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөө ОХУ-ын талыг хэтэрхий барьсан гэдгийг үгүйсгэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Киев Вашингтоны дайныг дуусгах төлөвлөгөөг хүлээн авч, аль болох хурдан энхийн гэрээ байгуулахгүй бол ноцтой үр дагавар амсана хэмээн анхааруулаад байгаа билээ.






