
Монгол Улсад энэ өвлийн томуу, томуу төст өвчний (ТТӨ) идэвхжил эрчимтэй өсөж буйг эмч нар онцолж байна. Өвчлөл голчлон бага насны хүүхдүүдэд ажиглагдаж, эмнэлгүүдийн ачаалал огцом нэмэгдсэн нь иргэдийн анхаарлыг татаж байна. Бид энэ удаад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмчтэй, мөн Манба Дацан нэгдсэн эмнэлгийн уламжлалт анагаах ухааны их эмч Д.Отгонбаатартай ярилцаж, өвчний нөхцөл байдал болон авах ёстой арга хэмжээг тоймлон хүргэе.
Томуугийн идэвхжил 9 сараас эхэлж, дараа жилийн 3-4 сар хүртэл үргэлжилдэг.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Гантулгын хэлснээр, манай улсын хувьд томуу, ТТӨ-ийн улирал намрын 9 сараас эхэлж, дараа жилийн хаврын 3-4 сар хүртэл үргэлжлэх хандлагатай.
Энэ жилийн хувьд:
- H3N2 вирусийн омог
- Амьсгалын замын синцитиаль вирус (RSV) хамгийн өндөр илрэлттэй байгаа ажээ.
- Вирусийн хувирал, мутаци хурдтай явагддаг тул жил бүр өвчлөл харилцан адилгүй, шинж тэмдэг болон хүндрэл ч өөр байдаг.
Ханиад ба томуу юугаараа ялгаатай вэ?
Эмчийн тайлбарласнаар:
Энгийн ханиад
- Хоолой сэрвэгнэх, хорсох
- Хамар битүүрэх, нус гоожих
- Хөнгөн ядарч, бага зэргийн халууралттай байх
- Богино хугацаанд эдгэрдэг
Томуу
- Тодорхой вирусээр үүсдэг
- Гэнэт өндөр халууралттай (38.5–40°C)
- Булчин, үе мөч өвдөх
- Ядарч сульдах
- Зарим тохиолдолд суулгалт хавсрах
- Амьсгалын замын доод хэсэгт нэвтэрч хатгаа зэрэг хүндрэл үүсгэх боломжтой
Сүүлийн үед хүүхдүүдийн хувьд халуун 3-4 хоног буурахгүй, халууралт өндөр хэвээр үргэлжлэх тохиолдол олширчээ.
Вакцин: Яагаад хэрэгтэй вэ?
Эмч “томуугийн эсрэг вакциныг 100 хувь өвчлөлөөс хамгаална гэж ойлгож болохгүй” гэдгийг тодотгов. Учир нь вирус жил бүр өөрчлөгддөг.
Гэвч:
- Вакцин хийлгэсэн хүн хүнд хэлбэрээр өвдөх магадлал бага,
- Хүүхдүүдийн хувьд хүндрэл үүсэх эрсдэл буурдаг,
- ДЭМБ жил бүр тухайн жилийн давамгайлах магадлалтай омгуудад үндэслэн вакцин гаргадаг.
Монгол Улсад томуугийн вакцин нь сайн дурын дархлаажуулалт хэлбэрээр хийгддэг.
Эмчилгээний зөвлөмж: Эмийг дур мэдэн хэрэглэхээс зайлсхий
Баянзүрх дүүргийн эмч Б.Гантулгын онцолсноор:
- Халуурч байгаа хүүхдэд эмийн хэрэглээг заавал эмчийн хяналттай хийх ёстой.
- Өндөр халууралттай хүүхдэд гэрийн нөхцөлд олон өдөр анхны тусламжийн эм өгч хоцрох нь хүндрэлийн хамгийн том шалтгаан болдог.
- Эмнэлэгт ирсэн тохиолдолд эмч нар өвчний хэлбэр, дагалдах шинж тэмдгийг харж тохирсон эмчилгээ бичиж өгдөг.
Эмч гэртээ дараах аргуудаар арчилгаа хийх боломжтойг зөвлөж байна.
- Хүүхдийг сайн унтуулж амраах
- Шим тэжээлтэй шөл, дулаан хоол, хангалттай шингэн өгөх
- Давстай бүлээн усаар хоолой зайлуулах
- Өрөө тасалгааг чийгшүүлж, агаар сэлгэх
- Аль болох олон хүнтэй газраар явахгүй байх
- Маск зүүх, гарын ариун цэврийг чанд сахих
- Д витамин, С витамин зэргийг эмчийн заавраар хэрэглэх
Баянзүрх эмнэлгийн ачаалал: Хүүхдийн орны тоог хоёр дахин нэмэгдүүлжээ.
Одоогоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт:
- Энгийн үед 130 хүүхдийн ортой бол
- Томуугийн оргил үед орны тоог 280 болгож нэмэгдүүлсэн байна.
Зориулалтын бус хэсэгт түр байрлуулах тохиолдол гарч буй ч удаан байлгахгүй, зөвхөн дамжин өнгөрөх байдлаар хүүхдүүдийг хүлээн авч байгаа гэлээ.
Манба дацан нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Д.Отгонбаатар: “Томуу ТТӨ-д уламжлалт эмчилгээ өндөр үр дүнтэй”


Манба Дацан нэгдсэн эмнэлгийн уламжлалт анагаах ухааны их эмч Д.Отгонбаатарын хэлснээр:
- Томуу, ТТӨ бол вирусээр үүсдэг халдварт өвчин,
- Жил ирэх тусам вирусийн хувирал нэмэгдэж, хүндрэлийн хэлбэрүүд олширч байна,
- 2024 онд томуу, томуу төст өвчнийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх 511 дугаар тушаал гарсан нь уламжлалт эмчилгээний үр дүнг албан ёсоор үнэлж, хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн.
Уламжлалт анагаах ухаанд томуугийн үед дараах чиглэлээр тусламж үзүүлдэг:
- Ууух тан, эмийн нэрэг, биеийн эсэргүүцэл сайжруулах
- Бумба, төөнүүр зэрэг дархлаа дэмжих эмчилгээ
- Биеийн халуун, ханиалгах, хамрын битүүрэл зэрэг шинж тэмдгийг намжаах
- Дархлаа султай, хууч өвчтэй хүмүүст тохирсон урьдчилан сэргийлэх эмчилгээ
Түүний хэлснээр “ханиад биш, вирусийн томуу тул аль болох эрт оношлуулж, тохирсон эмчилгээг авах нь хүндрэлээс хамгаална” гэдгийг онцоллоо.
Иргэдэд өгөх хамгийн чухал зөвлөмжүүд
- Шинж тэмдэг илэрмэгц эмчид хандах
- Өндөр халууралт (38.5°С-аас дээш)
- 3–4 хоног халуун буурахгүй байх
- Амьсгал давчдах
- Суулгалт хавсрах
- Хүүхэд идэхгүй, уухгүй болох
Эдгээр нь эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлагатай шинжүүд.
- Гэр бүлээрээ Ман 4, Норов 7, Сороол 7 гэх тангуудыг гэр бүлээрээ дархлаагаа дэмжих зорилготойгоор хэрэглэж болно.
- Дархлаагаа дэмжих
- Шим тэжээлтэй хоол
- Хангалттай унтах
- Өрөөний чийгшил зохистой байх
- Давстай уусмалаар хамар, нармайгаа цэвэрлэх
Томуугийн идэвхжил эрчимжиж буй энэ үед эцэг, эхчүүд болон иргэд өвчний шинж тэмдгийг анхаарч, өөрийгөө болон хүүхдээ хамгаалах дадлыг сайтар мөрдөх шаардлагатай байна. Томуу, ТТӨ нь энгийн ханиадаас огт өөр бөгөөд тодорхой вирусээр үүсдэг, заримдаа хүнд хэлбэрт шилждэг тул эмчилгээний шийдвэрийг мэргэжлийн эмчид даатгах нь хамгийн зөв сонголт юм.






