
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү түүхэн хууль батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг “Улс тунхагласны баяр” болгон зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн улс аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөх барилддаг уламжлалтай.
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “Төрийн сүлд” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардан авна. Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулах юм.
- 2024 – улсын заан С.Сүхбат
- 2023 – улсын заан Б.Бат-Өлзий
- 2022 – улсын аварга П.Бүрэнтөгс
- 2021 – улсын арслан Б.Орхонбаяр
- 2019 -улсын начин Н.Баярбаатар
- 2018 – улсын гарди Б.Гончигдамба
- 2017 – улсын аварга Ч.Санжаадамба
- 2016 – улсын аварга Ч.Санжаадамба
- 2015 – улсын заан Ч.Санжаадамба
- 2014 – улсын аварга С.Мөнхбат
- 2013 – улсын заан Ч.Санжаадамба
- 2012 – улсын арслан П.Бүрэнтөгс
- 2011 – улсын гарди Н.Ганбаатар
- 2010 – цэргийн арслан Ч.Санжаадамба
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан юм. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.
Бүгд найрамдах Улс тунхагласны өдрийг 2016 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан бөгөөд энэ өдөр төрийн байгууллагууд, сургууль, аж ахуйн нэгжүүд амардаг. Улсын хэмжээнд хүндэтгэлийн ёслол, цэцэг өргөх арга хэмжээ, сургалт, уралдаан, үзэсгэлэн зэрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг.






