
Нэг тонн хүдэр боловсруулахдаа “Оюу толгой” компани нөхөн сэлбэлтээр дунджаар 0.44 м3 буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна. Тайлант хугацаанд тус компанийн ус дахин ашиглалтын түвшин 86.5% байсан аж. Өөрөөр хэлбэл 10 литр ус тутмын 8.6 литрийг нь дахин ашигласан гэсэн үг.
Байгаль, орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө манай улсад тэр дундаа говийн бүсийн аймгуудын нутагт хамгийн хурдацтайгаар мэдрэгдэж буй. Тэгвэл Оюу толгой ордын байрлах Өмнөговь аймгийн байгаль орчны чиглэлд тус компани хэрхэн ажиллаж, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж буйг “Оюу толгой” компанийн энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаас онцлон харуулья.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2025 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 20.5 сая модыг (шинэчлэгдсэн тоогоор 35.1 сая) шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байгаа аж.
2025 оны гуравдугаар улиралд уг хөтөлбөрийн хүрээнд:
– Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн голын орчимд хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд газрын нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ. “Оюу толгой” компани 2027 он гэхэд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон бүх талбайд нөхөн сэргээлт хийх зорилт тавин ажиллаж байна.
– “ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ НОГООН ИРЭЭДҮЙ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд 2024 онд санаачлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хурлыг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгууллаа.

Энэхүү хурал нь 2026 онд манай улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) угтан цөлжилттэй тэмцэхэд бодитой шийдлүүдийг хамтдаа эрэлхийлсэн арга хэмжээ болсон юм.
Хуралд Монгол, Австрали, БНХАУ, Япон, Франц зэрэг улсын 200 гаруй төлөөлөгчид оролцож, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.
– Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд эхлүүлсэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөөрөө “Оюу толгой” компани өнөөг хүртэл нийт 3,1 сая мод бодитоор тарьж, 18,3 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлж, нийт 21,4 мод тарьсан гүйцэтгэлтэй байна.


Одоогоор Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан Зурын голын орчимд 600 га талбайд газрын нөхөн сэргээлтийн ажил эхлүүлээд байгаа бөгөөд энэ нь 2024 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байт уулын түймэрт өртөж доройтсон 400 га талбайд 1 сая мод тарьсан ойжуулалтын ажлын үргэлжлэл болж байна.
Цаашлаад, 2025 оны гуравдугаар улиралд “Оюу толгой” компани 587 тэрбум төгрөг, харин 2025 он гарснаас хойш өнөөг хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн байна. Үүнд, ус ашигласны төлбөрт тайлант хугацаанд нийт 7.3 тэрбум төгрөг төлсөн байна.






