
Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний өргөн мэдүүлсэн “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг энэ долоо хоногийн мягмар гарагаас хэлэлцэж эхлэх гэж байна.
Тодруулбал: Мягмар гарагийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний өргөн мэдүүлсэн “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тов, дараалалд оруулжээ.
Тамхины хяналтын тухай хууль нь 1993 онд анх батлагдаж байсан бөгөөд 2005 онд шинэчлэн баталснаас хойш нийт найман удаа нэмэлт өөрчлөлт оруулаад байна.
Монгол Улсад тамхины хямд, түүнд ноогдуулах татварын хэмжээ Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын зөвлөмжөөс бага байгаа нь тамхины хэрэглээг бууруулахад саад болж байгаа бөгөөд тамхинд өндөр татвар ноогдуулахад түүнийгээ дагаад тамхины хэрэглээ багасдаг гэх олон улсын судалгаа гарсан байна.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн “Тамхины хяналтын тухай хууль”-ийи хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд хуулийн хэрэгжилт хангалтгүй, тамхинд тавих хяналт сул, тамхины хууль бус худалдаа нэмэгдсэн, хяналт тавих ёстой байгууллага хоорондын уялдаа холбоо сул байгаагаас өсвөр үеийн хүүхэд залуусын тамхины хэрэглээ нэмэгдэж эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа талаар тус дүгнэлтэд дурдсан байна.
Тамхинаас үүдэн жилд 4,300 орчим хүн хорвоогийн мөнх бусыг үздэг бол 801 тэрбум төгрөгийн эдийн засгийн алдагдал үүсэж байгаа бодит тооцоолол гарч байгаа тул тамхины хэрэглээг бууруулахын тулд тамхины онцгой албан татварыг нэмж, электрон тамхийг хуульчлах зайшгүй шаардлага үүсжээ.
2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлд санал дүгнэлт гарган хууль санаачлагч нарт хүргүүлжээ.

Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг: “УИХ-ын 78 гишүүн нэгдэн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн энэ долоо хоног УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр хуваарьт орсон.
Монгол хүний эрүүл мэндийн төлөө нэг өдрийг ч алдалгүй, хамтдаа үргэлжлүүлэн хичээцгээе!Та бүхэнд баярлалаа”.
- Тамхины төрөлд электрон, халаадаг, наадаг, усан гэх мэт төрлийн тамхийг тамхины төрөлд авч үзэх.
- Хүүхэд, залуусыг хамгаалах үүднээс тамхины амт үнэр нэмэхийг хориглох.
- Тамхинаас гарах тусламж үйлчилгээг дэмжих.
- Хяналтын байгууллагуудын чиг үүргийг тодорхойлох.
- Тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэх, татвараас орж ирэх орлогыг эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж зарцуулах зэрэг зохицуулалтыг тусгаж өгчээ.






