
“Уулгүй талын цусгүй тулаан” гэж Монголчууд шатрын спортыг зүйрлэн ярилцдаг.
Тэгвэл энэ тулаанд Монгол Улсын оюуны спортын тамирчид нас насанд оюунлаг, чадамжтай гэдгээ харуулсаар ирсэн. Одоо ч харуулж яваа.
Монголын шатарчид сонирхогчдын болон мэргэжлийн аль ч ангилалд тод томруун ялалт, амжилтыг буухиалан, түүчээлсээр байгаа.
Үүний нэгэн тод жишээ бол Сербийн Врньяка Баня хотноо саяхан болж өндөрлөсөн “Шатар сонирхогчдын 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий эхний Дэлхийн аварга цолтон мэндэлж, Монголын шатар энэ оны анхны аваргаа өлгийдөж авав.
Тухайлбал, 2000 хүртэлх чансаатай эмэгтэй ангилалд тулалдсан “Ласкер” клубын тамирчин, Спортын мастер Балданжанцангийн Хүслэнзаяа дэлхийн аварга цолтон болсон юм.
Нийт 9 өрөг тоглосон Б.Хүслэнзаяа эхний 5 өрөгтөө 5 хожиж, зургаадугаар тавилд нэг тэнцээ өгөөд, дахин хоёр удаа хожил байгуулан, сүүлийн тавилдаа арынхаа тамирчнаас бүтэн оноо илүү 8.0 хожилтойгоор сонирхогчдын шатрын “Дэлхийн аварга” цолыг бахархалтайгаар гардан авсан.

18 настай түүний хувьд Монгол улсаас тодорсон 17 дахь шатар сонирхогчдын Дэлхийн аварга цолтон бөгөөд 20 дахь алтан медалийг эх орондоо авчирсан юм.
2023 онд тэрбээр тус тэмцээнээс хүрэл медаль зүүж байлаа. Ингээд бид сонирхгчдын шатрын Дэлхийн аварга Б.Хүслэнзаяатай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.


-Сайн байна уу? Юуны өмнө сонирхогчдын шатын дэлхийн аварга цол хүртсэнд баяр хүргэе ээ.
-Сайн байна уу. Баярлалаа. Намайг Балданжанцангийн Хүслэнзаяа гэдэг 18 настай.
Энэ жил зохиогдсон сонирхогчдын ДАШТ-ий 2000 хүртэлх чансааны эмэгтэй ангилалд түрүүлээд ирлээ.
-Тэмцээнд хэдэн орны шатарчид өрсөлдөв?
-Тэмцээнд 51 орны 300 гаруй шатарчид оюун ухаанаа сорьсон. Нийт 6 ангилалд өрсөлдөөд, миний хувьд 2000 хүртэлх эмэгтэй чансаатай тамирчдын ангилалд түрүүлсэн байгаа.Нийт 9 өрөг тоглосон, тэгээд сүүлийн өрөгтөө тэнцсэн.


-Сүүлийн өрөг маш их ухаан, нүүдэл, шийдэл шаардсан, чанга тоглолт болсон байх?
-Ер нь сүүлийн өрөг дээр сандрал болон айдас маш их байсан ч үүнийгээ өрөг дээрээ гаргахгүйг л аль болох хичээж тоглосон. Тэгээд өргийн бэлтгэл маш их сайн байсан учраас харьцангуй сэтгэл зүй тогтвортой, сайн байсан гэж бодож байгаа. Тэгээд үүнийхээ ачаар л тэнцэж түрүүлсэн дээ.
-Хамгийн чанга, ширүүн өрсөлдөгч аль улсын шатарчин байв?
-Ер нь мэдээж сүүлийн шийдвэрлэх өрөг учраас шаггүй өрсөлдөөн бол тэнд явагддаг. Сүүлийн өрөг дээр Герман улсын тамирчинтай тоглосон.
Герман улсын тамирчин ч гэсэн Хятад гаралтай охин байсан. Тэгээд миний бодлоор чансааны жагсаалтаараа 1 дүгээр байрнаас эхэлсэн охин байсан учраас хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан болов уу гэж бодож байна.


-Монголоос хэдэн шатарчин оролцсон бэ?
-Монгол Улсаас нийт 24 тамирчин оролцсоноос манай улсын шатарчид 2 алт, нэг хүрэл медальтайгаар маш амжилт арвинтайгаар тэмцээнээ дуусгасан.
-Дасгалжуулагчаа танилцуулна уу?
-Дэлхийн шатрын холбооны мастер Эрхэмбаяр гэж хүн миний багш, дасгалжуулагч. Анх шатар зааж өгч байсан багш маань болохоор Ганбаяр гэж багш байдаг.


-Нийт шатрын спортоор хэдэн жил хичээллэж байна?
-Би анх 5 настайдаа сурч байсан. Тэгээд үүнээс хойш ерөнхийдөө тасралтгүй шатрын спортоор хичээллэж байгаа. 13 жил хичээллэж байгаа.
-Дэлхийн аваргад хэд дэх удаагаа оюун ухаанаа сорьсон бэ?
-Миний хувьд 2023 онд шатар сонирхогчдын ДАШТ-ээс 1700 хүртэлх ангилалд хүрэл медаль авч байсан. Тэгээд энэ жил жил өнжиж байгаад, оролцоод алтан медаль хүртлээ.
-Тэмцээний туршид өндөр тактик, нүүдэл боловсруулан тоглосон өрөг болон өрсөлдөгчийн тухайд сонирхоё?
-Миний хувьд зургаа дахь өрөг дээр тоглосон Украйны тамирчинтай тэнцсэн өрөг хамгийн их хүч гаргасан. Маш их тэмцэл байсан. Миний хувьд бол өөрөө өөртэйгөө өрсөлдөх, сэтгэл зүйгээ давах, айдсаа даван туулах гээд маш олон зүйлсийг бас сургаж өгсөн маш сайхан тэмцээн болсон.


-Ирэх оны эхээр оролцохоор төлөвлөж буй тэмцээн байгаа юу?
-Оны эхээр Монгол улсын насанд хүрэгчдийн АШТ-д өрсөлдөнө. Миний хувьд энэ жил улсын шигшээд орж тоглох хүсэлтэй байгаа учраас тэр тэмцээндээ маш сайн бэлдэнэ гэж бодож байна. 2026 онд мэдээж энэ тэмцээндээ түрүүлсэн учраас дараа жил оролцох урилгыг бас авдаг.
-Дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Миний энэ амжилт зөвхөн минийх бус хичээл зүтгэлийн үр дүн. Мөн миний аав, ээж болон багш, миний ард байсан бүх хүмүүсийн дэмжлэгийн үр дүнд ирсэн амжилт гэж бодож байгаа.
Мэдээж юун түрүүнд багшдаа болон аав, ээждээ тэгээд анх шатар зааж өгч байсан Ганбаяр багшдаа, “Цэцэн нүүдэл” клубын багш Эрдэнэдорж болон мөн тусгайлан Дэлхийн шатрын холбооны мастер Эрхэмбаяр багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






