
Манай улс энэ жил харьцангуй эрт буюу өнгөрсөн есдүгээр сард томуугийн вирусний эсрэг 4 цэнт вакцинаар зорилтот бүлгийнхнийг дархлаажуулсан.
4 цэнт гэдэг нь томуугийн А, В хүрээний зонхилон тохиолддог 4 төрлийн вирусний эсрэг үүсгэгчийг агуулсан вакциныг хэлнэ.
Өдгөө тархаад буй вирус ч үүнд багтсан.
Нийслэл даяар хүүхдийн эмнэлгүүд хүнд байдалтай, ачаалал ихтэй, иргэд 3-7 цаг дугаарлаж байж хүүхдүүдээ үзүүлж буйгаа нийгмийн сүлжээнд бичсээр байна.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр яг одоо дэгдээд буй ханиад нь томууны А хүрээний H2N3 вирус аж.
Томуугийн вирус, тэр дундаа А хүрээний вирус нь хоруу чанар маш өндөртэй. Шууд 38-42 хүртэл халуурах шинж тэмдгээр эхэлж, удалгүй гүйлгэж, бөөлжүүлэх зэрэг хордлогын шинж тэмдгээр үргэлжлэн, богино хугацаанд уушгины хатгалгаа болгож байгааг эмч нар анхаарууллаа.
Бага насныхан төдийгүй насанд хүрсэн хүн ч халдвар авсан тохиолдолд хүндэрч буй тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах нь чухал юм.
Ямар тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах вэ?
Хүүхэд ханиагаагүй, халуураагүй мөртлөө хоол ундандаа дургүй болох, орчны харилцаагүй болж унтаарах, уйлагнах, гүйлгэж, бөөлжих, ээж аавыгаа “ороогоод” эхлэх үед яаралтай эмнэлэгт хандана. Энэ нь томуугийн вирусээр өвчилсний шинж тэмдэг бөгөөд удалгүй хүндрэх эрсдэлтэйг анхааруулах дохио аж.
ЦАГААН ХАЛУУРАЛТ гэж юу вэ?
Хүүхдийн хөл, гар цэв хүйтэн мөртлөө толгой, хүзүү, суга гэх мэт нимгэн арьсны хэсгээр маш халуун байх, улмаар арьс нь эрээнтэн, чичирч, өндөр халуурахыг хэлнэ. Энэ тохиолдолд гэрийн нөхцөлд халууныг нь бага ч болтугай буулгаад яаралтай эмнэлэгт хандана. Хэт өндөр халуунтай үед гадаа хүйтэнд авч гарах аюултайг анхаараарай.
УЛААН ХАЛУУРАЛТ гэж юу вэ?
Хүүхэд 38 хүртэл, түүнээс дээш халуурч байгаа мөртлөө хөл, гар нь дулаахан, нүүр, хацар нь улаан, ягаан туяатай байхыг хэлнэ. Ийм тохиолдолд яаран эмнэлэг авч явж, нэмж халдвар авахаас сэргийлээрэй. Улаан халууралтын үед хүүхэд өөрийн дархлаагаар вирустэй тэмцэж, гадагшлуулах гэж хичээж буйн нэг хэлбэр гэж үздэг. Байгалийн зүй тогтол гэх юм уу. Хэсэг ажиглана, хэрэв халуурах шинж тэмдэг өөрчлөгдвөл эмнэлэгт хандаарай.
ХАЛУУНЫ ХОРДЛОГО гэж юу вэ?
Ямар ч тохиолдолд 38.5-аас дээш өндөр халуурсан л бол халуун буулгах эм, лаа зэргийг ашиглан халууныг буулгана. Биеийн хэм хэт өндөр болох үед хүүхэд халуунаа даахгүй татах эрсдэлтэй. Нэмээд, халуурч байгаа үед хоросол буюу давс, чихрийн уусмалыг 5мл-ээр ойр ойрхон уулгана. Ингэснээр хүүхдийг халууны хордлогод оруулахаас сэргийлдэг. Хүүхэд заавал гүйлгэж, бөөлжиж байж хордлогод ордоггүй. Халуурах үед ч эрдэс бодисоо их хэмжээгээр алддаг тул энэ аргыг хэрэглээд үзээрэй. Мөн С аминдэм ойр ойрхон бага багаар уулгана. Бусад хоол, хүнсээр дархлааг нь дэмжинэ.






