
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөө боловсруулжээ. Axios, Reuters, Financial Times, The Economist зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр 28 заалтаас бүрдэх уг төлөвлөгөөнд ОХУ Киевт Донецк мужийг эргүүлэн өгөх, АНУ Крымийн хойг болон Донбассыг ОХУ-ынх гэж хүлээн зөвшөөрөх, Запорожье болон Херсон муж дахь фронтын шугамыг царцаах тухай тусгажээ.
Түүнчлэн тус төлөвлөгөөнд Киевийн зүгээс Донецк мужаас цэргээ гаргаж, Донецк, Луганск мужийг зэвсэггүй бүс болгох, цэргүүдийнхээ тоог 2.5 дахин бууруулж, алсын зайн тусгалтай зэр зэвсгийн хэрэглээгээ хязгаарлахаас гадна орос хэлийг албан ёсны хэлээ болгож, Оросын үнэн алдартны сүмд албан ёсны статус олгож мөн нутаг дэвсгэртээ гадны цэргүүдийг байршуулахгүй байх тухай заажээ.
Эдгээр нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд Вашингтон Украинд аюулгүй байдлын баталгаа олгох аж.
Барууны хэвлэл мэдээллийн агентлагууд АНУ-ын дайныг дуусгах төлөвлөгөө нь ОХУ-ын өмнө нь тавьж байсан шаардлагуудтай нийцэж байгааг онцолжээ. Вашингтоны танилцуулсан төлөвлөгөөг боловсруулахад АНУ болон ОХУ-ын албаны хүмүүс, Катар болон Туркийн төлөөлөгчид оролцсон аж.
The Telegraph сайтад бичсэнээр Москва Донбассын бүс нутгийг хяналтдаа авсныхаа хариуд Киевт төлбөр төлөх тухай заалт байгаа ба Донбасс нь цаасан дээр Украины газар нутаг гэж явах ч тус бүс нутгийг ОХУ хянах аж.
Эх сурвалж: The Telegraph






