
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн өнөөдрийн хурлаар тус банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Баатарсүрэнг томиллоо.
С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эдийн засгийн бакалавр, Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн бөгөөд банк, санхүүгийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан байна.
Тэрбээр Зоос банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүн, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн зүгээс түүнийг Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар урт хугацаат эх үүсвэр, гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд ажиллах бүрэн чадамжтай гэж үзжээ.






