
Фейсбүүк орох болгонд “Шри-ланка Улсын үнэт эдлэлийн уурхайгаас албан ёсны зөвшөөрөлтэй шууд дамжуулалт” гэх утга бүхий шууд дамжуулалтууд их гарч ирдэг үү?
Дээрх шууд дамжуулалтыг үзвэл 60, 80, 100 метр гүнээс ухаж гаргаж ирсэн шуудайтай шорооноос шууд дамжуулалт үзэж байгаа хүмүүст санал болгоно. Шууд дамжуулалт үзэж буй хүмүүст 300 мянган төгрөгөөс 600 мянган төгрөгөөр санал болгож хүмүүс худалдаж авна. Ингээд шуудайтай шороог шигшиж дотроос нь Алмаз, Индранел зэрэг үнэт чулуунуудыг гаргаж ирэх бөгөөд гарч ирсэн үнэт чулуунуудыг үзүүлэн 200 гаран сая төгрөг хожлоо гэж хуурч итгэл төрүүлэн урьдчилгаа 5-10 хувь өгөөд хожсон мөнгөө аваарай хэмээн иргэдийг хуурч залилдаг байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Уганхүү:
-“Энэ оны арван сарын байдлаар Цагдаагийн байгууллагад 41 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 14 мянга орчим нь залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Залилах гэмт хэргийн 74% нь цахим орчинд үйлдэгджээ.
Ямар төрлийн хэрэг бүртгэгдэж байна вэ гэхээр Телеграммаар даалгавар биелүүлэх, сугалаа хусах гэх мэт залилах гэмт хэргүүд үйлдэгдэж байна. \
Жишээ нь ногоон хаш чулууг бусдад худалдан шууд дамжуулалтаар дамжуулан голоор нь зүсэж харуулан жинхэнэ хаш ногоон чулуу гарч ирлээ 200 сая төгрөг хожлоо гэж итгүүлэн дээрх мөнгөө авахын тулд 10 хувь буюу 20 сая төгрөгийг авч залилах хэрэг гарч байна.
Залилагчид аргаа өөрчилж Шри-ланка Улсын үнэт чулууны уурхайгаас Бадиаараг, Индранел зэрэг үнэт чулуунуудыг шорооноос ялган авч худалдаалах замаар 400 сая төгрөг хожлоо үнийн дүнгийн 5-10%-ийг өгч хонжвороо аваарай хэмээн хууран мэхэлж залилах хэрэг гарч байна.
Техник технологийн эрин үе шүү дээ. Хүн бүр гар утас ашиглаж байгаа. Фейсбүүк орчинд явж байгаа сугалаа хусах хэлбэрийн шууд дамжуулалт руу дарж орохгүй байхыг анхааруулж байна”.


Хохирогч: “2025 оны аравдугаар сарын 10-ны өдөр Мьянмар Улсын үнэт чулууны уурхайнаас олборлолт хийж байна гэж байсан. Би 260 мянган төгрөгөөр шороо худалдаж авсан. Тэгээд шууд дамжуулалтаа үзээд сууж байтал 238 сая төгрөг хожлоо админтай холбогдоод мөнгөө аваарай гэсэн.
Админтай холбогдсон чинь урьдчилгаа 2 сая 200 мянга орчим болж байсан. Үүний тал мөнгө болох 1 сая 100 мянга орчим төгрөгийг шилжүүлээд блоклоод алга болсон” гэв.
Хэн ч эрүүл ухаанаар бодсон аль нэг улсын үнэт чулууны уурхайд очоод олборлолт хийгээд олон зуу саяыг өгөөд сууж байна гэж байхгүй.”Үнэт чулууны сугалаа” луйвар тул энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав.






