
Рафаэл Интернэйшнл ТББ нь 2023 оны 3 дугаар сараас эхлэн БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага(КОЙКА), Рафаэл Сангийн санхүүжилтээр, Монголын Чих Хамар Хоолойн Эмч нарын Нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ оношилгооны орчныг сайжруулах төслийг” хэрэгжүүлж буй.
Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын 2, 3-р шатлалын эмнэлгийн сонсголын шинжилгээний орчныг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлуудыг хийж байна. Энэхүү төслийн хаалтын үзлэг 2025.10.08-ны өдөр “Ирээдүйн Монгол” ТББ дээр хийгдлээ.

БНСУ-ын “PSK99” эмнэлгийн захирал, профессор Пак Су Гён:
Би 2023 оноос энэ төсөлд хамтран ажиллаж эхэлсэн. Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн профессор У Сөн Ха уг төслийг санаачлан Солонгос багийг ахлан ажиллаж байсан ч зуурдаар нас барсанд харамсаад баршгүй. Бид У Сөн Ха профессорын үйл хэргийг үргэлжлүүлэн өнөөг хүртэл ажиллаж байна.
КОЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд гурван гол үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын сонсголын шинжилгээ оношилгооны орчныг сайжруулах чиглэлд томоохон ажлууд хийгдлээ.
Хоёрдугаарт, үгийн аудиометрийн шинжилгээгээр өвчтөн үгийг хэр ойлгож байна, эмчилгээ хэр үр дүнтэй байгааг үнэлэх оношилгоог Монгол Улсад стандартчилах боломж бүрдсэн.
Гуравдугаарт, хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд сонсгол бууралт өвчний тархалтын түвшин тогтоох судалгааг амжилттай хийж байна.


БНСУ-ын Халлим Их Сургуулийн Сонсгол, хэл заслын тэнхимийн профессор Бан Жон Хуа:
Дүлийрэлтийн олон шалтгаан байдаг. Хэрэв өвчлөлөөс үүдэлтэй бол тодорхой хэмжээний эмчилгээгээр сайжруулах боломжтой. Гэхдээ сонсгол дахин сэргээгдэхэд хамгийн хүндрэлтэй эрхтэн. Тиймээс сонсголыг хамгийн их гэмтээдэг чанга болон гаднын дуу чимээнээс хамгаалах нь хамгийн чухал гэж би үздэг.
Хүмүүсийн хувьд сонсгол нь муудахад эмч нар сонсголын аппарат хэрэглэхийг зөвлөдөг. Гэвч зарим нь би залуу байна, надад хэрэггүй гэж боддог. Гэтэл сонсголын аппарат зүүхгүй бол чихээр дамжин тархинд очих мэдээлэл багасаж, тархины үйл ажиллагаа буурдаг.
Сонсгол байнга идэвхтэй мэдээлэл дамжуулж байх ёстой. Энэ үйл явц зогсоход тархины үйл ажиллагаа суларч эхэлдэг.
Хүүхдүүдийн хувьд аппарат хэрэглэхгүй бол хичээл сурлага, сурах чадварт нь сөргөөр нөлөөлдөг.
Насанд хүрэгчид, өндөр настнууд ч ялгаа байхгүй. Ядаргаатай, би аппарат зүүх болоогүй гэж бодсоноор танин мэдэхүйн чадвар нь суларч амьдралын чанар нь муудахад нөлөөлдөг. Тиймээс сонсголын аппаратыг цаг тухайд нь тогтмол хэрэглэж занших нь чухал.
Чих, сонсгол нэг удаа муудвал дахин сэргэхэд хэцүү. Тиймээс одоогоос чихээ хамгаалж, хайрлаарай.
Тус үзлэгийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 3100 орчим сурагчид, 2100 орчим иргэд үзлэгт хамрагдаж, дараа дараагийн нарийвчилсан шинжилгээнд хамрагдаад явж буй.


“Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл” нь KOICA байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөтөлбөр юм.






