
Physical Asia: Японы багийнхантай танилцъя
“Urug.mn” сайтын зүгээс “Physical Asia” шоу нэвтрүүлэгт оролцож буй багуудаас шилдэг 4-т үлдсэн багуудын тамирчдын мэдээллийг манай сайтын орчуулагч, редактор С.Энхзаяагийн бэлтгэснийг цувралаар хүргэж буй. Энэ удаад Японы багийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

- Японы багийн ахлагч 44 настай Юшин Оками нь Азийн нэртэй холимог тулаанч юм. Тэрбээр Азийн тулаанчдаас UFC-гийн дэвжээнд хамгийн олон ялалт байгуулсан тамирчин юм. Түүнээс өмнө уг рекордыг БНСУ-ын багийн ахлагч Ким Дон Хён эзэмшиж байжээ. Мэргэжлийн тулаанчийн карьераа 2002 онд эхлүүлсэн тэрээр UFC,PRIDE Fighting Championship, Pancrase, Professional Fighters League,ONE Championship зэрэг холимог тулааны холбоодын дэвжээнд тулалдаж байсан туршлагатай нэгэн юм.


2. 37 настай Кана Ватанабэ нь Америкийн Bellator MMA, Professional Fighters League зэрэг холимог тулааны холбоодын дэвжээнд тулалдаж байсан, мэргэжлийн тулаанч юм. Тэрбээр 7 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн ба 2017 онд холимог тулааны спортын карьераа эхлүүлж байжээ.


3. Японы 100 м өврөөр даллах сэлэлтийн рекордыг эзэмшигч Кацүми Накамүра нь 12 настайгаасаа усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлсэн аж. 2015 онд Кацүми Япон улсын усанд сэлэлтийн шигшээ багт багтаж, Рио-2016, Токио-2020 Олимпын наадмуудад улсаа төлөөлөн оролцож байжээ. Тэрээр усан сэлэлтийн ДАШТ, Америк Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам зэрэг олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, 2018 онд Жакарта хотод болсон Азийн наадмаар өврөөр даллах сэлэлтийн төрөлд алтан медаль хүртжээ. Японы жүжигчин Үмика Кавашиматай өнгөрсөн 12-р сард Кацүми Накамүратай гэрлэсэн болохоо өөрийн нийгмийн сүлжээгээр дамжуулан зарлаж байжээ.


4. Япон улсын багийн хамгийн залуу гишүүн 22 настай Нонока Озаки нь Японы чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин юм. Парис-2024 Олимпын наадмаар чөлөөт бөхийн 68 кг жинд хүрэл медаль хүртсэнээс гадна чөлөөт бөхийн дэлхийн хоёр удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга болсон Нонока Озаки нь Япон улсын чөлөөт бөхийн мандаж буй од юм.


5. 34 настай Соичи Хашимото нь өнгөрсөн пүрэв гарагт зодог тайлж буйгаа зарлахаасаа өмнө Япон улсын жүдогийн шигшээ багийн ахлагч байсан юм. Жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг тэрээр ДАШТ, Азийн аварга шалгаруулах тэмцээн, “World Masters”, Их Дуулга, Гран при зэрэг тэмцээнүүдээс тогтмол алт мөнгө хүрэл медал хүртэж ирсэн аж. Соичи Хашимото “Парис-2024” зуны Олимпын наадмаар багийн барилдаанд шигшээ багийнхаа хамтаар мөнгөн медаль, -73 кг төрөлд хүрэл медаль хүртсэн юм.


- “Супер хүн” хочтой мэргэжлийн бейсболын тамирчин асан Ёшио Итои нь Японы Үндэсний Бейсболын лигт 18 жил тоглож, 2022 онд зодог тайлж байжээ. Бага ангиасаа бейсболын спортоор хичээллэж эхэлсэн Ёшио Итои Hokkaido Nippon-Ham Fighters, Orix Buffaloes, Hanshin Tigers зэрэг багуудад тоглож байсан ба Оны шилдэг бейсболын тоглогчоор 5 удаа, “Алтан бээлий”-ний эзнээр 6 удаа тодорч байсан аж. Тэрээр энэ оны 8-р сард Netflx-ээр цацагдсан Японы Final Draft нэртэй реалити шоунд мэргэжлийн спортоос зодог тайлсан 24 тамирчинтай өрсөлдөн, 27 сая иений шагналын эзэн болсон юм. Ёшио Итои эхнэр, хоёр охины хамт Токиод амьдардаг аж.






