
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гаригийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх хуваарьтай байна. Тус барилдаанд өнгөрсөн жил Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомын анхны эзнээр тодорч байсан юм.
Тодотговол, “Чингис хаан” цомыг 2024 оноос анхлан олгож эхэлсэн юм. Уг цомыг “Монгол бахархал”-ын өдрөөр зохион байгуулах чансаа өндөр хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн хүчтэнд олгоно.
“Чингис хаан” цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй бөгөөд хүрэл цутгамал, алтан шармал цом ба цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэж монгол бичгээр бичсэн байдаг.
Харин ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна билээ. “Чингис хаан” цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урласан аж. Тус цом нь Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Харин “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд үүрд хадгалуулна гэсэн байдаг.
“Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд түрүүлж байсан бөхчүүдийг танилцуулъя.
- 2024 он: Улсын харцага Э.Даш түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн.
- 2023 он: Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн.
- 2021 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэсэн
- 2019 он: Улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэсэн.
- 2018 он: Улсын заан Д.Анар түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлсэн.
- 2017 он: Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэсэн.
- 2016 он: Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэсэн.
- 2015 он: Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэсэн.
- 2014 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн.
- 2013 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн.
- 2012 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн.






