
Аймгийн арслан Б.Бат-Оршихтой холбоотой маргааныг хянан хэлэлцэх Арбитрын шүүх хурал маргааш буюу /2025.11.14/ -т товлогджээ.
Б.Бат-Орших 2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртсэн юм. Гэвч баяр наадмын дараа түүний шинжилгээнд хориотой бодис илэрсэн тул Монголын үндэсний бөхийн холбооноос тухайн үед авсан цолыг нь хүчингүй болгож, хураах шийдвэр гаргасан байдаг.
Харин уг асуудлыг Арбитрын шүүхэд хянан хэлэлцэхээр болсон бөгөөд холбооны зүгээс мэдээлснээр, хэрэв тэрбээр шүүхэд ялбал, Монгол Улсын харцага цолоо эргэн авах эрх зүйн үндэслэл бүрдэнэ.
Б.Бат-Орших нь 2020 оны баяр наадамд тавын даваанд улсын начин Ц.Сандагдоржийг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг давж, долоогийн даваанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсон ажээ. Б.Бат-Оршихын шинжилгээнд хориотой бодис илэрсний дараа Монголын үндэсний бөхийн холбоо шийдвэр гарган, Ц.Сандагдоржийг тав давсанд тооцож, Монгол Улсын начин цол нөхөн олгосон байдаг.






