
Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 хоногт нэг удаа хээрийн цасны хэмжилт хийдэг. Уг хэмжилтээр, арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 68 хувьд цастай аж. Тухайлбал, Увсын Малчин, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Архангайн Хашаат, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Арвайхээр, Нарийнтээл, Баянгол, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Орхон, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Заамар, Батсүмбэр, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүнд 11-20 см, Завхан, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутгаар 6-10 см, бусад нутгаар 5 см-ээс бага цастай байна.
Мөн баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 1-22 см цасан бүрхүүл тогтсон байна.
Нийт нутгийн хамгийн их цастай байгаа бүсээр, Дархан-Уулын Орхонд 22 см, Сэлэнгийн Орхонд 17 см, Баянгол, Төв аймгийн Жаргалантад 16 см, Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгийн Ерөөд 15 см, Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуурт 14 см, бусад хэсгээр 1-13 см цасан бүрхүүлтэй байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Өнгөрсөн арав хоногт агаарын температур төв болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас 1.1-3.6 хэмийн дулаан, баруун аймгийн нутгийн зарим хэсгээр -3.5, -1.1 хэмийн хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджийн орчим ба ахиу, Хөвсгөл, Завхан, Говь-Алтайн ганц нэг сумдын нутгаар бага орсон байна.
- Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
- МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, мал хээлтүүлэх, оторлуулах ажлууд үргэлжлэн хийгдэж байна.






