
Японы хууль тогтоогчид 2026 оны санхүүгийн шинэ жилд хэрэгжүүлэх татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд Япон улсын хилээр гарч буй гадаадын жуулчид болон Япон улсын иргэдээс авдаг татварын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Япон улс 2019 оноос эхлэн тус улсын хилээр гарч буй гадаад дотоодын бүх иргэдээс Олон Улсын Жуулчны Татвар буюу 1000 иен буюу ойролцоогоор 6.5 доллар авч эхэлсэн ба уг татвараа нисэх онгоцны болон бусад тээврийн хэрэгслийн тасалбарын үнэд шингээдэг аж.
2024 онд Япон улс Олон Улсын Жуулчны Татвараар 52.4 тэрбум иений ашиг олсон ба уг мөнгөө аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд зарцуулжээ.
Японы засгийн газрын зарим гишүүд болон эрх баригч нам жуулчдаас авах татварыг 1000 иенээс 3000 иен буюу 20 орчим ам.доллар болгон нэмэгдүүлэхийг уриалж, татварын нэмэгдлийн үр дүнд олсон ашгаа аялал жуулчлалын хэт ачаалалтай холбоотойгоор үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулахыг санал болгожээ.
Эх сурвалж: NHK World






