
Туркийн Станбул хотын прокурорын ерөнхий газар Станбул хотын дарга асан Экрем Имамоглуг нийт 142 гэмт хэрэгт буруутгаж, түүнд зохих шийтгэлийг оногдуулахыг шүүхээс хүсжээ.
Станбул хотын Ерөнхий прокурор Акын Гюрлек 3900 хуудас бүхий яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа ба түүний дүгнэлтэд нийт 402 хүний нэр дурдагдаж байгаагаас Экрем Имамоглуг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, авлига авсан, мөнгө угаасан, залилан үйлдсэн зэрэг 142 хэрэгт буруутган, гол яллагдагчаар нэрлэжээ.
Түүнээс гадна Э.Имамоглугийн нэр авлигын хэрэгт буруутгагдаж буй бусад яллагдагч нарын олон тооны хавтаст хэрэгт дурдагдаж байгаа аж.
Станбул хотын экс дарга прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан хэргүүдэд буруутай нь тогтоогдвол шүүхээс түүнд 828-2352 жилийн хорих ял оноох боломжтой аж.
Сөрөг хүчний “Шударга ёс, хөгжлийн нам”-ын гишүүн Э.Имамоглу 2019 оноос Станбул хотын даргаар сонгогдон ажиллаж байсан юм. Түүнийг 2025 оны 3-р сарын 19-нд өөр бусад албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн хамтаар авлигын хэрэгт буруутган баривчилсан билээ.
Туркийн сөрөг хүчнийхэн Э.Имамоглуг баривчилж, хорьсон явдлыг улс төрийн зорилготой гэж үзэж, Станбул, Анкара зэрэг томоохон хотуудад удаа дараа эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнүүлсэн билээ.
Э.Имамоглуг дэмжигчид Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Э.Имамоглуг барьж хорьсноороо ирэх 2028 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулж байна гэж харж байгаа аж.
Эх сурвалж: BBC






