
Францын Gaumont студи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн карьер хэрхэн эхэлсэн талаар өгүүлэх, найруулагч Оливье Ассаясын “Кремлийн шидтэн” уран сайхны киноны трейлерийг цацжээ. Тус кинонд Оросын төрийн тэргүүний дүрийг жүжигчин Жүд Лоу бүтээжээ.
“Кремлийн шидтэн” киног зохиолч Жулиано да Эмполигийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн ба зохиолч гол дүр болох Вадим Барановын дүрийг Ерөнхийлөгч В.Путины зөвлөхөөр олон жил ажилласан Владислав Сурковоос санаа авч бүтээжээ. “Кремлийн шидтэн” уран сайхны кинонд В.Барановын дүрд жүжигчин Пол Дано тогложээ.
Трейлер дээр В.Путины дүр В.Барановт, “Надад Нобелийн шагнал хэрэггүй. Би дайныг хүсэж байна.” хэмээн хэлж байгаа хэсгийг онцлон оруулсан байгааг харж болох юм.
“Кремлийн шидтэн” киног өнгөрсөн 8-р сард Венецийн кино наадам дээр анх толилуулсан ба киноны албан ёсны нээлт нь ирэх 1-р сарын 21-нд болох аж.






