
АНУ-ын Дуу бичлэгийн урлаг ба шинжлэх ухааны үндэсний академи 68 дахь “Grammy Awards” шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлажээ.
Ирэх оны 2-р сарын 1-нд болох Грэммигийн шагнал гардуулах ёслолын хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчээр Америкийн рэппер Кендрик Ламар тодорчээ. Түүний “GNX” цомог болон цомогт багтсан дуунууд Оны шилдэг дуу, Оны шилдэг цомог зэрэг нийт 9 төрөлд нэр дэвшсэн байна.
Түүний араас дуучин Lady Gaga 7 төрөлд, Пуэрто Рико гаралтай дуучин Bad Bunny, Сабрина Карпениер, Леон Томас нар тус бүр 6 төрөлд нэр дэвшжээ.
Грэммигийн шагнал гардуулах ёслолын гол шагнал болох Оны шилдэг дууны төрөлд анх удаа k-pop дуунууд орж ирсэн байна. БНСУ-ын алдарт Blackpink хамтлагийн гишүүн Rosé-гийн Бруно Марстай хамтран дуулсан “APT” болон Netflix-ийн “Kpop Demon Hunters” хүүхэлдэйн кинон дээр гардаг Huntr/x хамтлагийн дуулсан “Golden” нар шагнал гардуулах ёслолын гол төрлүүдэд нэр дэвшсэн байна.
Дуучин Тэйлор Свифт 2006 оноос хойш анх удаа Грэммигийн шагналд нэр дэвшээгүй байна. Түүний 10-р сард худалдаанд гаргасан “The Life of a Showgirl” цомог нь 2027 оны Грэммигийн шагнал гардуулах ёслолд нэр дэвших боломжтой юм. Энэ удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслолд 2024 оны 8-р сарын 31-нээс 2025 оны 8-р сарын 30-ны хооронд гарсан дуу болон цомгуудаас нэр дэвшүүлэх юм.
Эх сурвалж: The Chosun Dally






