
АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Дик Чейни 84 насандаа таалал төгсжээ. Тэрээр Америкийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий Дэд ерөнхийлөгчдийн нэг байсан бөгөөд уушгины хатгалгаа, зүрх судасны өвчний хүндрэлийн улмаас таалал төгссөн талаар гэр бүлийнхэн нь мэдэгджээ.
Тэрээр анх 37 насандаа зүрхний шигдээс болж, түүнээс хойш зүрх судасны эмгэгээр олон жил шаналсаар 2012 онд зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орж байжээ. Д.Чейни АНУ-ын дөрвөн ч Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллаж байсан туршлагатай бөгөөд 1989-1993 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайд, 2001-2009 онд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ.
Түүнийг АНУ-ын терроризмын эсрэг дайныг “бүтээгч” гэж тодорхойлох нь элбэг бөгөөд Ерөнхийлөгч Ж.Бушийн засаг захиргаа 2003 онд Ирак руу довтлох шийдвэр гаргахад тэрээр хамгийн ихээр нөлөөлсөн аж. Д.Чейни Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх хугацаандаа алан хядах хэргээр саатуулагдсан сэжигтнүүдээс байцаалт авахдаа хууль сахиулагчид залхаан цээрлүүлэх тусгай арга барил ашигладаг байсныг дэмжиж, энэ асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл, Кондолиза Райс зэрэг албан тушаалтнуудтай зөрчилдөж байсан түүхтэй юм.
Тухайн үед АНУ-ын Сенат дахь Тагнуулын зөвлөл болон НҮБ Хүний эрх ба Терроризмын эсрэг тусгай тайландаа байцаалтын дээрх арга барилуудыг “эрүүдэн шүүх” гэмт хэрэг хэмээн тодорхойлж байжээ.






