Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ.
Зургаан өдрийн турш үргэлжлэх тус наадамд спортын 11 төрлөөр 481 медалийн төлөө 45 орны 1500 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэмцээнд пара байт харваа, усан сэлэлт, тэргэнцэртэй сагсан бөмбөг, таеквондо, ширээний теннис, хөнгөн атлетик, бочи, пауэрлифтинг, бадминтон, хонхот бөмбөг, гар барилдаан гэсэн спортын төрлүүдээр зохион байгуулагдана.
Монгол Улсаас энэхүү наадамд гурван төрөлд 18 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа аж. Тодруулбал, бочигийн U22 насны ангилалд Д.Дагмидмаа, Б.Урангоо, Т.Мөнхдэмбэрэл, Б.Золзаяа, Б.Гавьяат нар өрсөлдөнө.
Тэгвэл хөнгөн атлетикийн U20 насны ангилалд гүйлт, бөөрөнцөг түлхэлт, саваа мод шидэх болон жад шидэлтээр М.Золзаяа, С. Жавхланбадрал, Г.Амин-Эрдэнэ, Б.Хантүшиг, Г.Ган-Эрдэнэ, З.Тунамал-Эрдэнэ, Д.Тэмүүлэн, U17 насанд Г.Цэнд, Н.Амин-Эрдэнэ, М.Хүсэл-Эрдэнэ, Б.Баяр-Эрдэнэ, С.Энх-Амгалан нар оролцох юм.
Харин пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Д.Жигмэд өрсөлдөнө хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.







