
УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөөө. Тэрбээр “2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хамгийн гол нь Засгийн газрыг тогтвортой байлгах зорилготой байсан. Тухайн үед Засгийн газрыг тогтвортой байлгах нь эхний, хоёр дахь зорилт байв. Энэ өөрчлөлт нь Ерөнхий сайд илүү эрх мэдэлтэй байх чиглэлд хандсан. Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тусгайлан хуульд зааж өгсөн. Тиймээс ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэнтэй би санал нэг байна.
“Энэ жил аймгуудын Засаг даргын хэрэгцээнд 30 орчим тэрбум төгрөгөөр 80 орчим машин авсан”
-Багш, эмч нарын цалинг нэмэхтэй холбоотой олон төслийн хөтөлбөрийг танаж байгаа. Таны мэдээллээр 2.7 их наядаар хэмжигдэх тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэж байсан?
2024 оны эцсийн байдлаар 2.7 их наядаар үнэлэгдсэн 40,730 авто тээврийн хэрэгсэл байна. Энэ жил аймгуудын Засаг даргын хэрэгцээнд 30 орчим тэрбум төгрөгөөр 80 орчим машин авсан. Энэ тоо нэмэгдэх хандлагатай.
2016 оноос хойш 9 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүждэг 480 орчим байгууллагын урсгал зардал 1 их наядаас 4.5 их наяд болсон, 4.5 дахин өссөн. Орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагууд 2016 онд 585 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан бол өнөөдөр 2 их наяд болсон. Нийт төрийн байгууллагуудын урсгал зардал 8 жилийн хугацаанд 5 их наядаар өссөн. ТӨК-үүдийн мэдээлэл байхгүй. ТӨК-ийн 119 компанийн мэдээллийг хүсэхэд нэг ч компани ирүүлээгүй.
Төрийн байгууллагуудын урсгал зардал 5 их наядаар нэмэгдсэн байхад бид хөрөнгө оруулалтын боломжийг хэрхэн бий болгох вэ гэдэг асуудал гарч байна. Энэ жилийн төсөв 33 их наядаар батлагдана. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр 15% унахад л оны сүүлээр төсөл, урсгал зардал, цалинг санхүүжүүлэх чадваргүй болно. Тиймээс урсгал зардлаа эргэн харах шаардлагатай.
Цахим улс болно гэж байгаа ч төрийн байгууллагуудын бичиг хэргийн зардал өссөн. Жишээ нь Орхон аймаг 2017 онд 80 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол өнөөдөр 400 тэрбум болсон, асуудал хэвээр. Бусдаар гүйцэтгүүлж байсан ажил 900 сая төгрөг байсан бол өнөөдөр 13 тэрбум төгрөг болсон.
Монгол Улс мөнгөтэй улс. Зөвхөн 2026 оны төсвөөр 168 их наяд төгрөг зарцуулсан. Гэвч нэг ч асуудлыг шийдэж чадахгүй байна. Энэ нь төсвийн бодлого алдагдсан, төсөв үрэн таран болсон гэсэн үг.
2026 оны төсөвт 136 төсөл орсон, анхны өртгөөсөө 805 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Сүүлийн 3 жилд нийт 2 их наяд төгрөгөөр төсөвт өртөг нэмэгдсэн. 3 их наяд төгрөгөөр хийх ёстой байсан төсөл 5 их наяд болсон. Урсгал зардалд 5 их наяд, төсөвт өртөг нэмэгдүүлэлтээр 2 их наяд нийт 7 их наяд төгрөг үрэгдсэн.
Монгол Улс мөнгөтэй мөртлөө үр ашиггүй зарцуулж байна. Үнэндээ бид мөнгөтэйн зовлонг эдэлж байна. Сүүлийн 10 жил МАН засаглаж, төсвийн бодлогыг алдагдуулсан” гэв.






