
Японы засгийн газар эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн хураамж төлдөггүй гадаадын оршин суугчдын эсрэг хатуу арга хэмжээ авч эхлэхээр төлөвлөжээ. Дээрх хураамжуудыг төлдөггүй гадаадын оршин суугчдын Японд улсад оршин суух зөвшөөрлийг сунгахгүй эсвэл оршин суух зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.
Японы Нийгмийн хамгааллын яам, Цагаачлалын албатай хамтран 2027 оны 6-р сараас эхлэн тус улсад оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэдийн хүсэлтийг хянан шалгахдаа тухайн иргэн зохих хураамж, төлбөрүүдээ цаг тухайд нь төлдөг эсэхийг давхар шалгаж эхлэхээр болжээ.
Японд 3-аас дээш сараар оршин сууж буй гадаадын иргэд тус улсын тэтгэврийн санд хураамж төлж, эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт хамрагдах ёстой байдаг ч 2025 оны 3-р сарын байдлаар тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн тэтгэврийн санд төлсөн хураамж нь байх ёстой хэмжээнээсээ 50 гаруй хувиар бага байна гэж гарчээ.
Түүнчлэн Японы орон нутгуудад хийсэн судалгаагаар 2024 оны сүүлээр гадаадын оршин суугчдын 63 орчим хувь нь л эрүүл мэндийн даатгалаа төлсөн гэж гарсан ба эрүүл мэндийн үйлчилгээ авсан атлаа төлбөрөө төлөлгүй Японоос явсан тохиолдлууд ч гарчээ.
Японы Нийгмийн хамгааллын яам ирэх 4-р сараас орон нутгийн удирдлагуудад Японд нүүж ирж байгаа гадаадын иргэдээс эрүүл мэндийн даатгалын мөнгийг нь урьдчилж бөөнөөр нь авахыг зөвшөөрөх аж.






