
Италийн нийслэл Ром хотын төвд байрлах 13-р зуунд баригдсан 29 м өндөр Конти цамхаг хэсэгчлэн нурсны улмаас нэг хүн амь үрэгджээ. Цамхаг нурах үед дотор нь засварын ажил хийж байсан 4 хүн байсны нэг нь хүнд, хоёр нь хөнгөн гэмтэлгэйгээр эмнэлэгт хүргэгджээ.
Аврагчид нурангин доор гацсан өөр нэг иргэнийг гаргаж авахаар ажиллаж байх үед цамхагт ахин нуралт үүсэж, аврах ажиллагаанд хүндрэл үүссэн байна. Нурангин доор олон цаг гацсан иргэнийг эцэст нь аварч, эмнэлэгт хүргэсэн ч тухайн иргэн гэмтлээ даалгүй нас барсан байна.
Конти цамхгийг барих ажил анх 9-р зуунд эхэлж байсан түүхтэй бөгөөд уг цамхаг нь олон жилийн турш Италийн нэр нөлөө бүхий Конти гэр бүлийн албан ёсны өргөө байжээ. 13-р зуунд Ромын пап лам III Иннокентийн захиалгаар Конти цамхгийг засварлаж, өргөтгөжээ.
Цамхаг анх одооныхоосоо хоёр дахин өндөр байсан ч 14 болон 17-р зуунд болсон газар хөдлөлтүүдийн үр дүнд цамхаг нурж, намхан болсон аж. 20-р зуунд тус цамхагт Ром хотын захиргаа байрлаж байсан ба сүүлийн жилүүдэд хоосон байсан уг түүхэн цамхгийг музей болон хурлын танхим болгохоор засварлаж байжээ.






