
Энэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт ийм төрлийн ноцтой хэрэг гарчээ. Эмэгтэй Э нь нийтийн байранд эрэгтэй О-той хамт архидан согтуурсны дараа маргалдаж, улмаар эрэгтэйг цээжин тус газарт хутгалж, бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх нь иргэд согтуурсан үедээ, эсвэл ялихгүй зүйлээс болж маргалдан, уурлах үедээ өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаас үүдэлтэй байдаг.
Иймд иргэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, уур бухимдлаа хянах, аливаа асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.






