
Ажил мэргэжил бүхэн сайхаан. Тэр дундаа хүн, мал амьтны ходоодыг эрүүл, хоол хүнсээр дүүргэдэг ажил буянтай алба. Иймдээ ч тариаланчид сэтгэл өег, дүүрэн мэдрэмжтэй явдгаа хэлдэг.
Тиймээс ч тэд цатгалан мэдрэмж, сэтгэл тэнүүн амьдралыг амтыг хүн бүрт, айл бүхэнд бэлэглэдэг. Ер тэгээд эх дэлхийн хөрсөнд тарьж, ургуулж буй бүхнээ хайраар, сэтгэлийн сайхнаар тэжээдэг ажилсаг, хөдөлмөрч улс…
Намрын нэгэн налгар өдөр Төв аймгийн Архуст сум руу хүлгийн жолоо заллаа. Өглөө эртлэн Улаанбаатраас хөдөлсөн зураглаач бид хоёр тариан түрүү алтран шаргалтаж, ургац хураалтын их ажил завсаргүй өрнөх эл нутгийг зорьсон учраас онцгой хийгээд содон, эгэл жирийн, энгийн даруу тариачны нэгэн өдрийн амьдралыг сурвалжлахаар зорьсон нь энэ.
Бид сумын төвөөс зүүн тийшээ 5 км орчим давхиулсаар Архуст сумын “Ширээ ухаа” хэмээх газар өндөрлөг толгод дээр нутаглаж буй Д.Отгонжаргал тариаланчийг зорин очлоо.

Архуст болон Баяндэлгэр сумын яг хилийн зааг дээр амьдардаг тэрбээр өөрийгөө “Хил дээр буй харуул занги” хэмээн нэрлэх бөгөөд ойр тойрны найз нөхөд, дотны нэгэн нь “Жак” хэмээн дууддаг. Түүний хувьд газар тариалан эрхлэхээс гадна амьдарч буй хашаандаа мөн ойр орчмоо “Ногоон төгөл” болгох зорилгоор мод тарьдаг ажээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу? Ургац арвин уу? Та өөрийгөө танилцуулна уу?
-Сайн сайн байна уу. Намайг Отгонжаргал гэдэг. Ургац арвин, сайхан байнаа. Яг энэ толгод буюу Архуст сумын “Ширээ хүрэн” хэмээх газар нутагладаг. Хойшоо замын цаана Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг бий. Тиймээс би өөрийгөө хил дээрх “Харуул занги” хэмээн бэлгэшээж боддог.(инээв)
-Таны хувьд газар тариалангийн салбарт хэзээнээс холбогдчхов?
-Миний хувьд 2019 онд Архуст суманд ирээд л, энэ салбарт орсон доо. Ер нь би тарьж ургуулах хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хэзээнээс дуртай хүн л дээ. Энэ салбартаа түлхүү ингээд шингээд орох болсон нь ковидын үетэй ч холбоотой.
-Хэдэн жил энэ салбарт бизнес эрхэлж байна вэ?
-Одоо зургаа дахь жилдээ энэ бизнесээ эрхлээд явж байна. Хөдөө хээр амьдарч буйн хувьд энгийн хэрнээ, эгэл жирийн амьдарч байна даа.
Миний баримталдаг зарчим үнэтэй бус гарын доорх материалаар орчин тойрноо энгийнээр тохижуулах бүрэн боломжтой. Амьдарч буй байшингаа л гэхэд Яргайтад олон жил болсон зуслангийн байшингаа буулган авчраад барьчихсан. Хашаагаа Эрдэнэ суманд байдаг хөрөө рамын газраас зах банзаар босгосон. Байшин, хашаанд нэг ч шинэ материал ороогүйгээр шийдчихсэн.
-Таны хувьд тариалж буй тарималын төрөл зүйлийн талаарх сонирхоё?
-Миний хувьд “зорилтот ургамал” тариалдаг. Манай Монгол орон хуурай, ширүүн, эрс тэс уур амьсгалтай учраас жилийн 4 улиралд хамгийн их хичээх, эрвийх дэрвийхээр хөдөлмөрлөж зүтгэх нь нэг л улирал байдаг.
Бид нар яг үнэндээ 5-6 сард тариа, ногоогоо тариалаад л 8-9 сард нэг л удаа ургадаг байхгүй юу. Тэгээд тэрэнд л зориулж аль болох Монголынхоо сайхан цаг агаарыг ашиглаж 1 удаа тарьж байгаа учраас маш сайн тарихыг хичээж л зүтгэдэг. Манайх тосны ургамал, арвай буудай, ногоон тэжээл, овьёос тарьж байна. Ерөнхийдөө шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой хэмжээгээр сайн хичээж ажиллаж, ургацаа гоё авахгүй бол жилд нэг л улирал бидэнд байдаг учраас их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг л даа.
Энэ Баянхангай буюу байгаль дэлхийгээсээ бид нар ингээд л ургуулаад, дээр нь сайхан ургуулаад, Баянхангайгаа алгаараа бараг илэх шахам илбэж тордон, ажиллаж, хумсандаа шороогоо чихэж түүнээсээ гоё ургац авч хүн болон мал амьтны хэрэгцээнд тохирох тийм гоё бүтээгдэхүүн гаргаж буйн хувьд их гоё бизнес, хариуцлагатай ажил гэж боддог.


-Таны хувьд хашаандаа болон ойр орчимдоо мод тарьдаг юм байна. Хэзээнээс энэ ажлыг эхлүүлэв?
-Би энд ирээд нэлээн их мод тарьсан. Тэгээд хүмүүс надаас их асуудаг. Мод ер нь хэзээ таривал зүгээр байдаг вэ гэж асуудаг. Би хүн болгонд мод тарьж ургуулах ерөөсөө маш их цаг хугацааны асуудал, бас их тэвчээртэй хүний ажил учраас модыг яг өнөөдөр тарь гэж хэлдэг байхгүй юу.
Мод тарих хамгийн супер цаг хугацаа бол яг өнөөдөр яг одоо гэсэн үг. Хэрвээ чи мод тарихаар шийдсэн бол яг одоо л тарь гэж бүх хүнд хэлдэг. Яагаад гэхээр модыг жилийн 4 улиралд тарьж болдог.
Мэдээж бид Баянхангайгаас их зүйлийг авч буй учраас эргээд тодорхой хэмжээний юм өгөх хэрэгтэй гэж би бодож, ер нь дандаа сэтгэж, зүрх сэтгэлээ жижигхэн ч гэсэн гаргах хэрэгтэй гэж боддог.
Тэгээд энэ “Ширээ ухаа” хэмээх газар дээр энэ хавьд “Ойн төгөл” болгоно хэмээн Ар хустад ирээд газар тариалангийн салбар руу орохдоо амлаад, зорьсон. Зорилгынхоо эхлэл ажлыг суурийг нь тавьчихсан. Яг энэ хэсэгт нь би ахуйн хэрэгцээний хүнсний ногоогоо тарьдаг. Тэгээд тэр амлалтдаа хүрэх зорилгоор өөрийнхөө хашаанд 60 орчим мод, энд ингээд 65 мод энэ жил тарьсан юм. Одоо ингээд харахаар бүгдээрээ сайхан ургаад ирж байна.
Шилмүүст мод үзэмжтэй гоё мод байдаг бас ургахдаа нэлээн их арчилгаа шаардана. Арчилгаа шаардана гэдэг нь 1 дүгээрт ус нь байх ёстой. Энэ усыг би худгаас трактороороо зөөж авчраад, 3 тонны ус авчран усалдаг.
Хоёрдугаарт нь мод ургах хамгийн таатай нөхцөл бол хөрснөөс гадна салхинаас жаахан хамгаалах хэрэгтэй байдаг. Ингээд ноднингийн тарьсан ургамлынхаа соломны боодлоор салхинаас хамгаалж тавьсан. Ингээд бүгдээрээ дажгүй сайхан ургаж байгаа. Тарьж буй модод шигүү байвал бас төгөлжиж ургавал сайхан ургадаг л даа. Ингээд зорилгодоо хүрэх ажлаа эхэлчихсэн сэтгэл өег, тэнүүн л байна. заавал амласандаа хүрч “Ногоон төгөл”-ийг бүтээх болноо.
Харин бортоготой модыг 4 улиралд тарьж болдог. Тэгээд хамгийн гол нь арчлаад, ингээд ургуулаад, сайхан навч дэлбээгээ гаргаад, дээшээ өсөөд явах тусам хүн маш гоё энергийг тарьж буй модноосоо авдаг.


-Таныг жинхэнэ эрч чөлөөтэй, хээрийн салхи уушгиа дүүртэл амьсгалаад л, өөрийнхөө орчныг энгийн бас тансагаар бүрдүүлчихсэн. Хөдөөд жинхэнэ монгол ахуйтай амьдрал байна уу даа?
-Монгол орон ямар сайхан уудам билээ дээ. Хэчнээн сайхан уур амьсгалтай, үзэсгэлэнтэй байгаль дэлхий гээд л. Одоо энэ экстрим гээд л яриад байгаа 4 улирал чинь ерөөсөө Монгол хүмүүсийг, бидний генийг их олон жилээр нь хадгалах шахам зориулалттай ч юм шиг. Манай Монголд гайхалтай гоё тариан талбай нь байна. Өвөг дээдсийн маань уламжилж, хэчнээн жил тэмцэж бидэндээ өвлүүлсэн энэ сайхан агуу уудам нутагтай улс бид нар. Одоо ингээд үр ш,имйг нь сайхан хүртээд л амьдарч байна.
Сум, орон нутагт, хөдөөд ингээд амьдрахад наад захын дэд бүтцийн асуудлууд ер нь тун аятайхан шийдэгдсэн шүү. Энэ бол маш сайхан боломж байхгүй юу. Одоо ихэнхдээ сумууд руу яг төвлөрсөн, гоё зассан замаас 10-20-хон километр яваад л зорьсон газартаа оччихож байна. Тэгээд л интернэт, банк, гадаад ертөнцтэй харьцах олон төрлийн суваг бүгд л байна. Хүний өдөр тутмын амьдралд хэрэгцээт бүхэн энд бий.
Ярилцсанд баярлалаа.


Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:







Ямар мундаг хадөлмөрч залуу вэ? Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсэе! Та бүхэн эгэл жирийн байгаль дэлхийгээ чин сэтгэлээсээ хайрлаж,түүнээсээ хайрлахын хирээр хишиг хүртдэг сайхан сэтгэлтэй мундаг залуугийн нэгэн өдртйг сурвалжилжээ. Маш гоё санагдаж байна. Ийм сайхан үлгэр жишээ залуугаас маш олон залуучууд урам авсан байхаа гэж бодож байна.
Ямар мундаг хадөлмөрч залуу вэ? Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсэе! Та бүхэн эгэл жирийн байгаль дэлхийгээ чин сэтгэлээсээ хайрлаж,түүнээсээ хайрлахын хирээр хишиг хүртдэг сайхан сэтгэлтэй мундаг залуугийн нэгэн өдртйг сурвалжилжээ. Маш гоё санагдаж байна. Ийм сайхан үлгэр жишээ залуугаас маш олон залуучууд урам авсан байхаа гэж бодож байна.