
Өмнөд Солонгосын JYP Entertainment компанийн продюссер Пак Жин Ён Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзсан талаараа нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь олны анхаарлыг татаж, Бээжин БНСУ-ын поп контентод тавьсан хоригоо ойрын хугацаанд цуцалж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.
Америкийн агаарын довтолгооноос хамгаалах THAAD системийг БНСУ өөрийн нутаг дэвсгэртээ байршуулсан явдлыг эсэргүүцэн Бээжин 2016 онд Өмнөд Солонгосын энтертайнмент контентыг импортлох, нэвтрүүлэхийг хориглосон юм.
Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид БНСУ-ын энтертайнмент салбарын цөөн тооны төлөөлөгчдөд БНХАУ-д фен уулзалт хийх, үзэсгэлэн зэргийг гаргах зөвшөөрөл олгосон ч том хэмжээний к-поп арга хэмжээг хориглосон хэвээр байгаа билээ. Өнгөрсөн ням гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёний санаачилсан Поп Соёл Солилцооны зөвлөлийн дарга Пак Жин Ён өөрийн цахим хуудсандаа, “Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзаж, ярилцсан маань нэр төрийн хэрэг байлаа.
Миний ярьсан зүйлсийг маш анхааралтай сонсож, урмын үг хайрласанд нь чин сэтгэлээсээ талархаж байна. Яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, поп соёлоор дамжуулан хоёр орны ард иргэд маань хоорондоо илүү ойр болно гэж найдаж байна.” хэмээн солонгос болон хятад хэлээр бичжээ.
БНСУ-ын Ардчилсан намын хууль тогтоогч Ким Ён Бэгийн мэдэгдсэнээр Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы хүрээнд зохион байгуулсан хүндэтгэлийн зоогийн үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Бээжинд томоохон хэмжээний к-поп тоглолт зохион байгуулах тал дээр нааштай хариу өгснөөс гадна тэрээр Гадаад харилцааны сайд Ван Ид уг ажлыг хариуцан ажиллах үүргийг өгсөн аж.
Түүнчлэн БНСУ-ын Кёнжү хотод болсон Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы хоёр дахь өдөр Кёнжү Урлагийн төвд болсон тоглолтод BIG BANG хамтлагийг ахлагч G-Dragon оролцож, уран бүтээлээсээ хүргэснийг Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин инээмсэглэн хүлээн авч буй дүр зураг камерын дуранд буужээ.






