
“Physical Asia” шоунд оролцож буй “Tormentor” буюу “Тамлагч” хочит, Холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил гэж хэн бэ
Дэлхийд буюу холимог тулааны рингэнд тэр дундаа Physical Asia шоу нэвтрүүлэгт Монгол баатар эрсийн хүч чадлыг мэдрүүлж, таниулж яваа “Tormentor” буюу “Тамлагч” хочит Баатархүүгийн Энх-Оргил Ховд аймгийн Жаргалант суманд 1988 оны 12 дугаар сарын 30-нд мэндэлжээ. Өдгөө 37 настай. 168см өндөр.

Анхлан тавдугаар ангид байхдаа Ховд аймгийн таеквондогийн “Эрин” клубт орж, бэлтгэл хийж эхэлсэн тэрбээр 25 жил спортоор хичээллэж байгаа. Тэрбээр таеквондогийн олимпын алтан медальт, Монголын шигшээ багийн тамирчин болно хэмээн мөрөөддөг байжээ.
Баатархүүгийн Энх-Оргил тулааны спортод эртнээс дурласан. Адал явдалт кино үзэж, аймгийн төвийн хүүхдүүдтэй барилдаж, ноцолдож өссөн тэрээр бөхийн секцэд албан ёсоор хичээллэж эхэлсэн ч удалгүй тулааны урлагт хорхойсох болсон байна.
2009 оноос мэргэжлийн тулааны спортод хөл тавьсан тэрбээр анх “Road to ONE: Mongolia” шоунд оролцож амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд удалгүй 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, ONE FC холбоонд багтжээ.


Түүний ээж нь сувилагч, аав нь тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд ах, охин дүүгийн хамт Ховд аймагт бага насаа өнгөрүүлжээ. Ээж нь түүний хамгийн том дэмжигч байсан. Анхны таеквондогийн тэмцээнд оролцохоор Улаанбаатар орох болоход ээж нь цалингийн зээл авч замын зардлыг нь гаргасан гэдэг.
Тэрбээр Канадын домогт Жорж Сент-Пьерийн тулаануудыг үзсэний ачаар бүх төрлийг хамарсан энэ спортод тэр даруй дурлаж, мөн түүнийг оргил амжилтад хүрэхэд туслах хүн бол нутаг нэг Ж.Нарантунгалаг аварга гэдэгт итгэж байв.
МУГТ Ж.Нарантунгалагийн гарын шавь нарын нэг юм.


Б.Энх-Оргил Аварга Биеийн Тамирын Дээд Сургуульд бодибилдинг, фитнесийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, тулааны урлагаар хичээллэсэн байдаг.
2012 онд сургуулиа төгсөөд уул уурхайн Оюутолгой ХХК-д фитнесийн дасгалжуулагчаар ажилд оржээ.
Тэрбээр ONE FC холбооны рингэнд хамгийн анх 2023 оны дөрөвдүгээр сарын 21-нд гарсан. Уг тулаанд тэр Филиппин тулаанч Адонис Севиллиног буулган авсан юм.


Түүний дараах хоёр тулаанд мөн Филиппин гаралтай Роки Бактол, Жанло Марк Сангао нарыг ялжээ. Уг холбооны дөрөв дэх тулаандаа тэр ОХУ-ын тулаанч Артем Белакт хүнд цохилтоор ялагдсан.
Харин дараах гурван тулаандаа дараалан ялаад байгаа юм.


Тэрбээр мэргэжлийн тулааны дэвжээнд нийт 13 тулаан хийж 10-т нь ялалт байгуулжээ.


Түүний тулааны рингэнд зоримогоор гаргадаг техникийг онцолбол:


1. Мятаршгүй бөгөөд ширүүн дайралт


Хэнтэй ч оноо таарсан тулааны турш түүнийг ухрахыг харна гэж бараг үгүй.
Road to ONE Mongolia шоуны ялагч тэрээр хэнтэй ч тулалдахад бэлэн бөгөөд боломж олдсон агшин бүр хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж ирсэн нэгэн.
Энэ нь нэг талаар өөрийнх нь тамирчны цуцашгүй байдал буюу түүний тэнхээ юм. Үүний нотолгоо бол тэрээр 15 минутын турш дайралт хийж өрсөлдөгчөө тамирдуулдаг.


2. Клинч буюу шидэх барьц
Б.Энх-Оргилын давшиж, дайрч тулалддаг гол учир нь түүний гарамгай эзэмшсэн клинч буюу “шилдэх” барьц авах зорилго юм. Зогсолтгүй дайралт хийж дэвжээний хана, рингэнд өрсөлдөгчөө тулган тусгаарлаж цээжин бие, гарт нь боолт хийж эхэлдэг байна.
Өрсөлдөгчтэйгөө халз тулж хамгаалалтыг нь тойруулан нүдэх бөгөөд боломж гарах бүр өвдөглөн шийтгэнэ.


3.Толгойноос нээх
“Монгол машин” маань өрсөлдөгчөө рингэнд тулгаж “боон авснаар” шидэх, буулгах мэх хийдэг нь зогсолтгүй толгойд нь цохилт хийж өрсөлдөгч нь толгойгоо хамгаалах мөчид цээжин биеийн “түгжилт хийх” эсвэл хөлд нь дайрч унагаах мэхийг гарамгай хийдэг тулаанч.






Эртний “Монгол баатар”, холимог тулаанч Б.Энх-Оргилын тухай видеог БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






